Нүүр хуудас Гадаад мэдээ Хятадын эмч нар хүний толгой амжилттай шилжүүлэн суулгажээ

Хятадын эмч нар хүний толгой амжилттай шилжүүлэн суулгажээ

256
0

Хятадын эмч нар дэлхийд анх удаа хүний толгой амжилттай шилжүүлэн суулгасан байна. Энэ талаар өнгөрсөн баасан гаригт Венад болсон хэвлэлийн бага хурлын үеэр Италийн мэс засалч Сержио Канаверо мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

Тэрбээр 2015 онд хүний толгой шилжүүлэн суулгах хүсэлтэй байгаа талаараа мэдэгдэж байжээ.

“Эхний шилжүүлэн суулгах ажиллагаа нас барсан хүн дээр хийгдсэн бөгөөд дараагийн удаа өвчтөнд донорын толгой шилжүүлэн суулгах болно” хэмээн Канаверо мэдэгдсэнийг “The Telegraph” сонин иш татжээ.

Энэхүү хагалгааг Хятадын Харбин хотын их эмч Жэн Сяопиний удирдлага дор хийсэн байна. Канаверо хэлэхдээ “Хагалгаа 18 цаг үргэлжилсэн. 2015 онд би энэ төрлийн хагалгаа 36 цагийн турш үргэлжилнэ гэж мэдэгдэж байсан боловч хятадууд хоёр дахин бага хугацаанд хийж гүйцэтгэлээ” хэмээн хэлжээ.

Мөн тэрээр толгой шилжүүлэн суулгах эмчилгээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ойрын өдрүүдэд олон нийтэд танилцуулна гэж нэмж хэлсэн байна.

Италийн мэс засалч өөрийнх нь зорилго толгой шилжүүлэн суулгах биш, тархи шилжүүлэн суулгах хэмээн хэлжээ. Канаверо “Хятадууд эдгэршгүй өвчнийг эдгээхийг зорьдог бол миний зорилго хүний амьдралыг уртасгах явдал юм” хэмээн хэлсэн байна.

2015 онд Оросын программист Валерий Спиридонов Италийн мэс засалчид толгойгоо шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байдаг. Спиридонов төрөлхийн нугасны булчингийн хатингиршилтай. Бага насанд нь түүний биеийн булчингийн хөгжил зогсчээ. Өвчин нь жилээс жилд хүндэрч, өөрийгөө хянах ямар ч боломжгүйд хүрсэн тул тэрээр амьд үлдэх найдвар бага байсан ч энэ хагалгааг хийхийг зөвшөөрсөн аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here