Нүүр хуудас Нийгэм Боловсрол Боловсролын салбарынханд зориулсан хотхон бий болгож, орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцлоо

Боловсролын салбарынханд зориулсан хотхон бий болгож, орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцлоо

39
0

Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, сурагчдын хоцрогдол, цар тахлын нөхцөл байдалд танхимын болон зайн сургалтаар боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй яамны удирдлагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг байсан бүх сургууль өнөөдөр бүгд хоёр ээлжтэй болсон. Гэхдээ ачааллыг дахин багасгах шаардлагатай 12 сургууль бий. 2021 онд нийслэлд 38 цэцэрлэг, 32 сургууль, 10 сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө оруулалт тусгаж өгсөн. Одоо нийслэлд 30 гаруй мянган хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэл сургуулийн өмнөх боловсрол бүрэн хангагдахаар байна. Сургуулийн тухайд бага сургуулиудыг барьж асуудлыг шийдвэрлэх боломжтой. Сургууль, цэцэрлэг барих гэхээр газрын асуудал хүндэрдэг. Гарах гарц нь гэр хорооллын айлуудтай тохирч газрыг чөлөөлөх ганцхан арга байна. Нийслэлийн хэмжээнд 10 гаруй мянган хүүхэд компьютер, зурагтгүй, тог цахилгаангүй газар амьдарч байгааг хороо, дүүргийн ажилтнуудаар дамжуулж туслах боломж юу байна. Нийслэлд 20943 багш, ажилтнууд бий. Иймд орлогод нийцсэн орон сууцанд хамруулах асуудлыг нийслэлийн удирдлагуудтай хамтраад шийдвэрлэх шаардлага байгаа юм. Боловсролын салбарт гар татаж болохооргүй цаг үе ирсэн” гэдгийг онцоллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн Боловсролын газар, яамтайгаа хамтран салбарт хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлуудыг харилцан уялдаа холбоотой гарган ажиллах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг барихад газрын асуудал тулгамддаг. Энэ асуудлыг хамтраад шийдвэрлээд явах бүрэн боломжтой гэж харж байна. Боловсролын салбарт тулгамдаж байгаа төсөв санхүүгийн асуудалд онцгойлон анхаарч ажиллах болно. Хичээл, сургуулийн хоцрогдлын асуудлыг тооцоо судалгаанд үндэслэн хамтран ажлын хэсгийн түвшинд ярилцъя. Мөн нийслэлийн хэмжээнд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах зургаан байршилд барилгын ажлыг эхлүүлнэ. Тэгэхээр аль нэг байршилд нь боловсролын салбарынханд зориулсан хотхон бий болгож, орон сууцжуулах бүрэн боломжтой” гэсэн юм.Уулзалтын төгсгөлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарын сайд, хотын захирагчийн түвшинд жилд хоёр удаа уулзалт зохион байгуулаад тулгамдсан асуудлыг шийдвэрлээд явах бүрэн боломжтой гэлээ. Мөн тэрбээр “Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг нийслэлтэй хамтарч шийдвэрлэх, төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн газрыг зарахгүй байхад анхаарах, хоцрогдлыг арилгах зорилгоор танхим болон зайн хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явуулахад ариутгал, халдваргүйтгэл зэрэг зохион байгуулалтын ажилд хамтрах, багш, ажилтнуудыг орон сууцжуулах зэрэг асуудлаар ажлын хэсгийн түвшинд ярилцаж, шийдвэрлэе” хэмээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here