Нүүр хуудас Нийгэм Боловсрол Анагаахын чиглэлээр 50 оюутныг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ Японд суралцуулна

Анагаахын чиглэлээр 50 оюутныг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ Японд суралцуулна

181
0
bolowsroliin-yam
Зураг БСШУСЯ

Уг хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжиж, нийт 50 оюутныг сургах бөгөөд Японы талаас задралыг бүрэн даах аж.

БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн тэргүүлэгч Күнинори Такаги нар тус улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох хөтөлбөрт гарын үсэг зурлаа.

Ингэснээр ойрын таван жилийн хугацаанд жил бүр 10 оюутныг Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуульд үнэ төлбөргүй сургах юм.

Анагаахын чиглэлээр Монголд нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлаар сайд Ц.Цогзолмаа, Күнинори Такаги нар өнгөрсөн зургадугаар сард уулзахдаа ярилцсан нь өнөөдөр ийнхүү албан ёсоор ажил хэрэг болж байна.

Хөтөлбөрийн хүрээнд сувилахуй, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, хэл, сонсгол, хараа зүй, эм зүй зэрэг есөн чиглэлээр ирэх Монгол оюутнуудыг суралцуулах бөгөөд Японы тал суралцах чиглэлээс хамааран нэг оюутны зардалд 9.720.000-18.300.000 иенийг бүрэн даах юм.

Харин уг тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг хэрхэн сонгон шалгаруулах тухай хамтарсан ажлын хэсэг байгуулан, журам боловсруулж БСШУСЯ-ны сайтад нээлттэй тавих юм байна.

Япон Монголын харилцаа жил ирэх тусам гүнзгийрч буй бөгөөд ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжиж энэ чиглэлд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

Үүний нэг нь тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлгийг барьж ирэх онд ашиглалтад оруулахаар болсон байна. Энэхүү эмнэлэг нь хамгийн орчин үеийн шийдэл, технологитой байх бөгөөд цаашдаа Японд анагаахын чиглэлээр суралцаж мэргэжил эзэмшсэн Монгол залуусыг ажиллуулахаар төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here