Нүүр хуудас Нийгэм Боловсрол Багш нарыг үхэртэй адилтгасан хүн бидний асуудалд санаа тавина гэж байхгүй

Багш нарыг үхэртэй адилтгасан хүн бидний асуудалд санаа тавина гэж байхгүй

143
0

боловсролын сайд зурган илэрцүүд

Өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өдөр орон даяар 40 мянган багш хугацаагүй хичээл хаялт хаяхаа зарлаад байна. Өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны төлөөлөлтэй уулзсан. Уулзалтын үеэр багш нарын цалин нэмүүлэх түр хорооны төлөөлөл сайдад хандан “Бид тэмцлээ эхлүүлэхдээ олон багшаас судалгаа авч, 50 хувь нэмэгдүүлэхийн тулд өдий хүртэл тэмцсэн учраас энэ байр суурин дээрээ баттай зогсоно” гэдгээ мэдэгдсэн байна.

Боловсролын сайд ч “Багш нарын цалинг бүх нөөц бололцоогоороо нэмэгдүүлж, нийгмийн асуудалд анхаарал хандуулан ажиллана гэдгээ амалсан байна. Мөн тэрээр эхний ээлжинд буюу энэ оны дөрөвдүгээр улирлын сүүлийн хоёр сарын цалинг 30 хувиар нэмж олгохоор бүхий л талын судалгаа хийж, Засгийн газарт өргөн барихаар төлөвлөж байгаагаа багш нарт дуулгасныг эх сурвалжууд өгүүлж буй. Түүнчлэн ирэх оны нэг сараас эхлэн 50 хувиар нэмэгдүүлнэ” гэж Боловсролын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долоо хоногт амлалт өгч. Ийнхүү уулзалт үр дүнтэй болж, цалингаа 2018 оны нэгдүгээр сар гэхэд 50 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн хариуг аваад байсан багш нар өнөөдрөөс хугацаагүй ажил хаялт эхлүүлэхээр төлөвлөөд эхэлж. Цалинг нь нэмэгдүүлнэ гэж амалчихаад байхад багш нар яагаад ажил хаялт хийх гээд байгаа нь сонирхолтой. Учрыг тодруулбал, Салбарын сайд Ц.Цогзолмаа уулзалтын ширээний ард итгэл дүүрэн та нарын талд зогсоно хэмээн хариуцлагтайгаар мэдэгдсэн ч энэ сарын 27-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Үхэр өвс өгөхөд дургүйцдэггүй шиг, багш нар 300 мянган төгрөг өгөхөд дургүйцэх ёсгүй, тэдний авахгүй гэж байгаа нь ёс зүйгүй явдал” хэмээн хэлж багш нарын дургүйцлийг ихээхэн хүргээд авчээ. Түүний “Үхэр шиг тэжээл өгвөл идээд байж бай” гэх утга бүхий үгийг багш нар сонссон даруйдаа Түр хороогоо хуралдуулж “Гурван талт хэлэлцээр амжилттай ч болсон, амжилтгүй ч болсон сайдаа огцортол нь тэмцэх хүсэлт илгээх талаар ярилцаад эхэлжээ.

 

Энэ талаар Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхноос тодруулахад “Багш нартайгаа нүүр тулан уулзахдаа нэг өөр зүйл амалж, ордонд ороод нэг өөр зүйл ярьсан хүн энэ салбарт хэрэггүй”. Тэд сэхээтэн багш нарыг үхэртэй адилтгасан хүн бидний асуудалд санаа тавина гэж байхгүй хэмээцгээж байгаа юм. Түүнчлэн багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос нэг удаагийн тэтгэмж мөнгөнд хууртахгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Бид гурав орчим сар нэг удаагийн 300 мянган төгрөгийн төлөө хичээл хаяхдаа тултал тэмцээгүй гэж байлаа. Өөрийг нь огцруулах тухай яриад эхлэхээр Боловсролын сайд Ц.Цогзолмаа багш нартай дахин уулзах хүсэлт тавьсан байна. Уулзалт өнөөдөр болох бөгөөд багш нарын цалин нэмэгдэх үү, бүх сургууль хаалгаа барьж, ажил хаялт орон даяар эхлэх үү гэдэг нь эндээс шийдэгдэнэ. Учир нь Багш нарын түр хорооны төлөөллийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай хамтарсан уулзалт хэлэлцээр хийхээр болсон та бүхний төлөөллийг хүрэлцэн ирэхийг хүсье гэсэн албан бичгийг хүргүүлжээ.

 

Мөн хэлэлцээрт урих бичигт асуудлыг хичээл хаялтаар шийдвэрлэх биш, цаашид бүх талаар ойлголцож, хамтран ажиллахаар та бүхний төлөөлөлтэй уулзаж зөвшилцсөн. Харин өнөөдрөөс эхлэн хугацаагүй орон даяар хичээл хаялтаа түр зогсоож хамтран ажиллахыг хүсье хэмээжээ.

Багш нарын зүгээс түр хорооны төлөөллийг хэлэлцээрт ямар шийдвэрт хүрэхээс хамааран ажил хаялт зарлахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Хэрэв багш нарын түр хорооны төлөөлөл Засгийн газрын төлөөлөлтэй уулзаж цалин нэмэгдүүлэх дорвитой шийдвэрт хүрэхгүй бол цаашид хугацаагүй ажил хаясан хэвээр байх аж.

Засгийн газрын зүгээс нэг удаагийн 300 мянган төгрөгөөр асуудлыг амархан шийдэх шийдвэр гаргасан ч төрийн албан хаагчид тэр дундаа багш нарын тэмцлийг зогсоох биш улам эрчимжүүлсэн бололтой. Гурван зуун мянган төгрөг жилд нэг удаа өгөх шийдвэр багш нарын цалинг 50 хувиар битгий хэл 30 хувиар ч нэмэгдүүлэхгүй аргацаасан төдий  арга хэмжээ аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here