Дорноговь аймагт НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ барина
Дорноговь аймгийн Айраг суманд Солонгос Улсын “J & R” компани 20 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар болжээ.
Цахилгаан станц барихтай холбогдуулан аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тус компанийн захирал Ли Жон Юук хүлээн авч уулзан нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа. Гэрээнд ажиллах хүчнийг орон нутгаас хангах, татвараа цаг хугацаанд нь төлөх, бүтээн байгуулалтыг 2018 онд дуусгах, Монгол Улсын хууль тогтоомжийг нарийн чанад мөрдөх зэрэг тодорхой шаардлагыг тусгажээ.
Нарны цахилгаан станц барихад зориулж орон нутгаас 40 гаруй га газрыг олгосон байна.
Бүтээн байгуулалт эхлэхэд 100 гаруй түр ажлын байр, дууссаны дараа нь 10 гаруй байнгын ажлын байр бий болох аж.
20 мвт-ын нарны цахилгаан станц барьсанаар Айраг сумын эрчим хүчний найдвартай байдлыг хангаад зогсохгүй хөрш сум, аймагт эрчим хүч дамжуулна гэж тус компанийн захирал Ли Жон Юук хэлэв.
Одоогийн байдлаар Сайншанд хотод нар салхины тус бүр нэг, Замын-Үүдэд салхины нэг, Айраг суманд нарны нэг, нийт дөрвөн цахилгаан станц баригдаж буй бөгөөд 2018 оноос нийт 115 мвт эрчим хүч үйлдвэрлэнэ.