Нүүр хуудас Нийгэм Ерөнхийлөгч Богд хааны ордон музейн “газрын маргаан”-ыг шийдвэрлэхээр очив

Ерөнхийлөгч Богд хааны ордон музейн “газрын маргаан”-ыг шийдвэрлэхээр очив

424
0
bogd haanii ordon muzei_eronhiilogch
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Богд хааны ордон музейн газрын маргаантай байгаа хэсэгт очиж, музейн удирдлагуудтай уулзлаа
~Ерөнхийлөгч Х.Баттулга Богд хааны ордон музейн газрын маргааныг шийдвэрлэхээр очив~

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цолцолбор бөгөөд Монгол Улсын хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейд тооцогддог юм.

Гэсэн ч удаа дараагийн тогтоол шийдвэрээр музейн эзэмшил газраас хувийн аж, ахуйн нэгжүүдэд шилжүүлж, Богд хааны ордон музейн газар багассаар 2.3 га нь хувийн эзэмшилд очжээ. Энэ асуудлаар музейн удирдлагууд болон иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл, гомдол гаргасан юм.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Богд хааны ордон музейн газрын маргаантай байгаа хэсэгт очиж, музейн удирдлагуудтай уулзлаа.

Энэ үеэр Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулахдаа:

“Засгийн газар 2001 онд Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсийг 5.7 га газар гэж тогтоосон. Ногоон ордонг энэ хэмжээгээр нь л хамгаалах ёстой байдаг. Харин хамгаалах чиг үүрэг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар төрийн захиргааны байгууллага буюу соёл урлаг хариуцсан агентлаг байдаг. Нөгөө талаар Мэргэжлийн хяналтын газар мөн хамгаалах ёстой. Бид энэ дагуу нь яам, агентлагуудад хандсан ч одоогоор ямар нэг хариу ирээгүй байгаа.

Богдын ордон музейн газарт хамгаалалтын бүс тогтоосноос хойш дээрх шийдвэрийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа. Ингэснээр түүх, соёлын дурсгалт зүйлд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдлүүд гарч байна. Сүүлийн үед гэхэд автозамын өргөтөл хийх гэж байгаа гээд Богдын ордон музейн газрын хамгаалалтын бүсээс авч, автозам барих удаа дараагийн сануулга манайд ирсэн. Уг нь энэ орчинд газар олголт хийх ёсгүй. Гэвч, өнөөдрийн байдлаар 2.3 га газрыг хувийн аж ахуйн нэгжүүдэд өгчихөөд байгаа. Тиймээс хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоож, хамгаалалтыг цаашид үргэлжлүүлэхэд эрх зүйн орчинг нь сайжруулах, түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах чиглэлийн эрхзүйн орчинг ч гэсэн сайжруулах хүсэлттэй байгаа” талаар ярив.

Өнөөдрийн байдлаар Богд хааны ордон музейн газраас:

1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2 газрыг “Вантрейд” ХХК-д

2. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрыг “Номуун гэрэл” төвд

3. “Интернэйшнл медикал центр” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг олгосон байна.

Эдгээр мэдээлэлтэй танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Богд хааны ордон музейн газартай холбоотой асуудлаар өөрөөс чинь болон иргэдээс маш их өргөдөл, гомдол ирсэн. Би тэдгээртэй танилцаж, өнгөрсөн баасан гарагт /2018 оны тавдугаар сарын 11/-нд хотын захиргаанд энэ асуудлаар хандсан. Маргааш газрын маргаантай холбоотой асуудлаар хариу ирэх байх” гээд түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах, хөгжүүлэх тал дээр тууштай ажиллана гэдгээ хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here