Нүүр хуудас Нийгэм Манай улс тээврийн чиглэлээр Польш улстай хамтран ажиллана.

Манай улс тээврийн чиглэлээр Польш улстай хамтран ажиллана.

189
0

ХБНГУ-д зохион байгуулагдсан Олон улсын тээврийн форумд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат оролцож БНПУ-ын Дэд бүтэц, барилгын дэд сайд Ежи Шмиттэй уулзаж  Монгол Улс, БНПУ-ын хоорондын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашид хамтран шийдвэрлэх хэд хэдэн асуудлын хүрээнд ярилцжээ.  1990 оноос БНПУ нь Монгол Улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, барилгын болон барилгын материалын үйлдвэрүүдийг тусламжийн шугамаар барьж байгуулж, Монголын олон оюутан тус улсад боловсрол эзэмшүүлж байсан, ахан дүүсийн найрамдалт харилцааг хөгжүүлж, нийгэм, эдийн засгийн бүх салбарт нягт хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай гэдгийг сайд Д.Ганбат уулзалтын эхэнд онцоллоо. Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чиглэлээр хоёр тал илүү идэвхтэй ажиллахаар тохиролцож үүнд тээврийн салбарын оруулах хувь нэмэр ихээхэн ач холбогдолтой гэдгийг хэллээ. Төмөр замын тээврийн чиглэлээр Польш Улс багагүй туршлага хуримтлуулсан, тухайлбал ялгаатай царигийн төмөр замуудын хооронд ачааг шилжүүлэн ачиж тээвэрлэх дэд бүтэц, үйл ажиллагааг амжилттай шийдэн хэрэгжүүлж байгаа юм. Цаашид тус улсын төмөр замын салбарт 1990 оноос хойш хийсэн техникийн шинэчлэл, Европын норм, стандартыг авч нутагшуулсан туршлагаас суралцах сонирхолтой байгаа бөгөөд төмөр замын мэргэжилтнүүдийг Польшид сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр дэмжиж ажиллахыг хүсэв. Тээврийн салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд  эрх зүйн орчин ихээхэн чухал үүрэгтэй тул монголын талаас хоёр улсын хооронд хийгдэх автотээврийн харилцааг илүү сайн зохицуулах, иргэд болон аж ахуйн нэгжүүд харилцан зорчих таатай хөнгөвчилсэн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Олон улсын автотээврийн харилцааны тухай Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахаар хүргүүлээд байсан билээ. Уулзалтаар тус хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулж, хоёр улсын эдийн засгийн харилцааг сайжруулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар боллоо. Талууд энэ уулзалтын хүрээнд авто тээврийн хэлэлцээр байгуулах хүртэл зөвшөөрлийн бичгээр түр журмаар тээвэрлэлт гүйцэтгэхээр тохиролцлоо. БНПУ-ын Дэд бүтэц, барилгын дэд сайд Ежи Шмит Олон улсын тээврийн форумд илтгэл тавихдаа “Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдтай албаны уулзалт хийж, дамжин өнгөрөх тээврийн чиглэлд илүү нягт хамтран ажиллахаар болсон нь тулгамдаж буй асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд ихээхэн үр өгөөжтэй форум боллоо” хэмээн онцолсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here