Нүүр хуудас Нийгэм Монгол улс далайн тээврийн салбарын боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллана.

Монгол улс далайн тээврийн салбарын боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллана.

178
0

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ Адмирал Г.И. Невельскийн нэрэмжит Тэнгисийн улсын их сургуулийн ректор Огай Сергей Алексеевичтай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын далайн тээврийн салбарын боловсон хүчинг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцжээ. Уулзалтын эхэнд сайд Д.Ганбат ОХУ-д хамгийн томд тооцогдох олон улсад нэр хүндтэй Тэнгисийн их сургуульд урьж, найрсагаар хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлэв.

Мөн “Монгол Улс далайд гарцгүй хэдий ч өөрийн улсын далайн тээврийн салбарыг хөгжүүлэх, их далайд тээвэрлэлт хийх, далайн үр өгөөж, баялгаас хүртэх, өөрийн улсын бараа бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Эдгээр зорилтуудын хүрээнд бид юуны түрүүнд далайн тээврийн дотоодын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн сайжруулах, холбогдох олон улсын далайн эрх зүйн гэрээ хэлэлцээр, конвенцуудад нэгдэн орох, дэлхийн тэргүүлэгч далайн гүрнүүдтэй нягт хамтран ажиллах, хөлөг онгоцны бүртгэлийг хэрэгжүүлэх, далайн тээврийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэрэгт ихээхэн анхаарч ажиллаж байна” гэлээ.

Манай улсад тээвэр, логистикийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг дотооддоо хэд хэдэн сургуульд бэлтгэж байгаа боловч далайн тээврийн чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийг сургах асуудал хүндрэлтэй байгаа юм байна. Тиймээс дэлхийн томоохон энэ чиглэлийн боловсролын байгууллагуудтай ойр хамтран ажиллаж оюутны тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа сайд Д.Ганбат уламжиллаа.

Монгол Улсын анхны гурван далайчин ОХУ-ын Владивостокын Тэнгисийн улсын их сургуульд суралцаж төгсөөд Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Далайн захиргаанд ажиллаж байгаа аж. Тэд өөрсдийн мэдлэг, чадвараа дайчлан, Монгол Улсын далайн салбарыг хөгжүүлэхэд гар бие оролцон тэргүүлэн ажиллаж байгааг сайд уулзалтын үеэр онцоллоо.

Тэнгисийн улсын их сургуулийн ректор Огай Сергей Алексеевич дээрх хүсэлтийн дагуу сурах оюутны тоог нэмэгдүүлж, сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөл, төрөл бүрийн тэтгэлэгт хамруулах талаар судлахаар боллоо. Мөн Монгол Улсын далайн эрх зүйн орчныг сайжруулахад тус сургуулийн эрдэмтэн багш нарын туршлага, мэдлэгээс хуваалцах, сургалт семинар зохион байгуулах, багш солилцох, мэргэжил дээшлүүлэх саналыг хүлээн авч, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here