Нүүр хуудас Нийгэм Налайх дүүргийн КАЗАХ иргэдэд хүндэтгэл үзүүлэв

Налайх дүүргийн КАЗАХ иргэдэд хүндэтгэл үзүүлэв

208
0
Nalaih duureg
Налайх дүүргийн КАЗАХ иргэдэд хүндэтгэл үзүүлэв

Налайх дүүрэгт 6000 орчим Казах иргэд амьдардаг Казах түмэн жил бүрийн 22-нд буюу өдөр шөнө тэнцэх өдрөөр Наурызын баяраа тэмдэглэдэг уламжлалтай.

Энэхүү баярынхаа хүрээнд Налайх дүүргийн Казах иргэд өнөөдөр баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Баярын хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Ажлын албаны дарга Б.Батбямба болон дүүргийн удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүлэв.

Аж үйлдвэрийн ууган хот Налайх дүүрэгт 2 үндэстэн 22 угсаатан оршин суудаг юм байна. Тус дүүрэгт анх 1931 онд хөдөлмөрийн гэрээгээр Казах иргэд ирж оршин сууж эхэлсэн бөгөөд одоо нийт оршин суугчдын 12 хувийг Казах иргэн эзлэж байна.

Тэдний ихэнхи нь Налайхын уурхайгаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн бөгөөд соёл,урлаг спортын олон алдартнууд, хөдөлмөрийн баатрууд төрөн гарчээ.

Харин өнөөдөр спортын мастер 2, онц тээвэрчин 4, Боловсролын тэргүүний ажилтан болон зарим салбарын тэргүүний ажилтнууд шинээр төрөн гарлаа.

НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Казах түмний өв уламжлал, соёл иргэншил, хамгийн том илэрхийлэл болсон хаврын баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Налайх дүүрэг бол нийслэл хотыг олон арван жил илч гэрлээрээ хангаж ирсэн түүхтэй билээ.

Энэ дүүргийн хөдөлгөгч хүч болсон Налайхын их уурхайн үе үеийн хөдөлмөрч, ажилч хичээнгүй олон мянган уурхайчдын дунд Казах түмэн та бүхний төлөөлөл болсон шилдэг уурхайчид ажиллаж, хөдөлмөрлөж байсныг зориуд цохон тэмдэглье” гэлээ.

Тус дүүрэгт 9 хөдөлмөрийн баатар төрөн гарснаас дөрөв нь Казах иргэн байжээ

Мөн өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Ажлын албаны дарга Б.Батбямба, тус дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, дүүргийн удирлагууд “харъяалалгүй” гэх 200 гаруй ахмад Казах иргэдэд хүндэтгэл үзүүллээ.

Залуу насандаа ажиллаж, хөдөлмөрлөж байсан байгууллага нь татан буугдсан тул дүүргийн засаг дарга болон нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хамтран “харъяалалгүй” гэх тодотголыг бий болгож тэднийгээ жил бүр баяр, ёслолын үеэр хүлээн авч уулздаг уламжлалтай болжээ.

Тэгвэл хуучин уурхай болон цэргийн 14-р бааз зэрэг ажиллаж, хөдөлмөрлөж байсан байгууллага нь татан буугдсан 200 гаруй ахмад иргэдийг хүлээн авч уулзаж тэдний нийгмийн халамж болон оршин суугаа дүүрэгт нь хийгдэх гэж байгаа шинэ бүтээн байгуулалтын ажлаа танилцуулсан нь тэдний талархлыг хүлээлээ.

Дашрамд дурдахад нийслэл хот нийт 152 хороотой үүнээс Налайх дүүргийн 4-р хороонд зөвхөн Казах иргэд оршин суудгаараа онцлогтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here