~Орон нутгаас оюутнууд ирэхтэй зэрэгцэн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна~
2018-2019 хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Хичээлийн шинэ жил нэгдсэн арга хэмжээ” хяналт шалгалтын ажил эхлүүлсэн байна.
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан “Өнгөрсөн жил 400 орчим хүүхэд залуус согтуугаар гэмт хэрэгт холбогдож, 25 залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Иймд энэ жил согтууруулах ундаа хэрэглэж эрүүлжүүлэх байранд орсон оюутан, сурагчдыг харьяалагддаг сургуульд нь албан тоотоор хандах шийдвэр гарсан” гэлээ.
Хөдөө орон нутгаас оюутнууд ирэхээр сургуулийн орчинд гэмт хэрэг гарах нь ихэсч, залуус архидан согтуурах, бусдыг дээрэмдэх зөрчил ихэсдэг байна.
Тухайлбал, өнгөрсөн жил улсын хэмжээнд 87 мянган хүн эрүүлжүүлэх байранд орсноос 1000 гаруй нь насанд хүрээгүй хүүхэд, оюутан залуус байсан судалгаа бий хэмээн хэллээ.