Нүүр хуудас Нийгэм Төвийн бүсийн эрчим хүчнийхний уулзалт зөвлөлгөөн болж байна.

Төвийн бүсийн эрчим хүчнийхний уулзалт зөвлөлгөөн болж байна.

1036
0

Өнөөдөр Орхон аймагт Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн  бүсийн уулзалт зөвлөлгөөн”-ий үйл ажиллагаа эхэллээ. Эрчим хүчний салбарын хүний нөөц, техник, технологи, санхүү, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү уулзалт зөвлөлгөөнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Дархан дулааны цахилгаан станц”ТӨХК болон  бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү мэндчилгээ дэвшүүлсэн юм.  “Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх ажлын хүрээнд  салбарын хэмжээгээр олон ажил зохион байгуулж хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан зохион байгуулж буй салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүсчилсэн уулзалт-зөвлөгөөн юм. Энэхүү бүсчилсэн уулзалт зөвлөгөөнийг өнгөрсөн 4 дүгээр сард Зүүн бүсэд, 7 дугаар сард баруун бүсэд тус тус амжилттай зохион байгуулж, өнөөдөр Төвийн бүсийн уулзалт зөвлөлгөөнийг Орхон аймагт зохион байгуулснаар нийт эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн хамрагдаж байгаа юм” гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн бүсийн уулзалт зөвлөлгөөнд 60 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 300 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд зөвлөгөөний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Өнөөдрийн зөвлөлгөөнөөр эрчим хүчний хөгжлийн болон орчин үеийн менежментийн чиг хандлага, ТЗЭ компаниудын техникийн болон санхүү, бизнесийн бодлого төлөвлөлт, салбарын үнэ тарифын зохицуулалт, ялангуяа урамшуулалт зохицуулалтын асуудал болон эрчим хүчний зах зээл, үр ашиг, хэмнэлт, хэрэглэгчийн эрх ашиг, хяналт шалгалт зэрэг 10 сэдвээр оролцогчид тэргүүн туршлага, санал бодлоо харилцан солилцох юм” хэмээн ярьж байсан юм.

Эрчим хүчний төвийн нэгдсэн сүлжээ жилдээ  5.5 сая  орчим кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж,  Монгол Улсын нийт  хүн амын  86.2 хувийг  эрчим хүчээр хангаж, 500 гаруй мянган хэрэглэгчдэд дулааны эрчим хүч нийлүүлдэг, Монгол Улсын эрчим хүчний хамгийн том сүлжээ гэдгээрээ онцлогтой. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах зорилгоор Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35 МВт, Дарханы дулааны цахилгаан станцыг 35 МВт, Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 МВт, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар тус тус өргөтгөх шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Засгийн газраас томоохон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих шийдвэр гаргасны дагуу Оюутолгой-Цагаансуваргын 220 кВ-ын 2 хэлхээт 159.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих ажил хийгдэж  дуусаад байна. Мөн Багануур-Чойрын 220 кВ-ын 178 км ЦДАШ, Багануур дэд станцын өргөтгөл, Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих төслийг хэрэгжүүлэх гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгааг  Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Уулзалт зөвлөлгөөний үеэр  хөгжлийн бодлого, эрчим хүчний зохицуулалтын асуудал, амжилттай ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын тэргүүн туршлага гэсэн гурван багц сэдвийн хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Удирдлагын академи болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын илтгэлийг хэлэлцүүлэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here