Нүүр хуудас Нийгэм ТӨВ АЙМАГ: Монголчууд МӨӨГ тариалах үйлдвэртэй болжээ

ТӨВ АЙМАГ: Монголчууд МӨӨГ тариалах үйлдвэртэй болжээ

354
0
hunsnii-moog-tarialah-uildwer-2018
ТӨВ АЙМАГ: Монголчууд МӨӨГ тариалах үйлдвэртэй болжээ

Төв аймаг 2018 оныг “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нилээдгүй ажил хийгдэж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа нь тогтмолжиж, үр дүнгээ өгсөөр байна.

Тэгвэл бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үргэлжлэл болж Сэргэлэн сумын нэгдүгээр баг, 4 дүгээр зөрлөгт байгуулагдсан “Фанги фүүдс” ХХК-ийн “Хүнсний мөөг тариалах үйлдвэр”-ийн барилгыг ашиглалтад оруулахаар тус компаний 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 18/011 албан хүсэлтийн дагуу Аймгийн Засаг даргын 2017 оны А/571 дугаар захирамжаар томилогдсон улсын комисс ажиллалаа.

Уг үйлдвэрийн барилгын ажлыг 2018 оны зургаадугаар сараас эхлэн гүйцэтгэсэн бөгөөд дэлхийн стандартын дагуу хүнсний мөөг тариалах, үйлдвэрлэл явуулах зориулалтаар баригджээ.

20х42 хэмжээтэй, 840 мкв талбай бүхий уг барилга нь мөөг тарьж ургуулах 8 өрөө, ажилчдын, усны нөөцийн, цахилгааны, оффисын өрөөнүүдээс бүрдэнэ.

Хүнсний зориулалттай мөөгийг тариалах, ургах таатай нөхцлийг бүрдүүлж, хөрс, агаар, чийгшил, дулаан, манан зэрэг байгалийн хүчин зүйлийг тасалгааны нөхцөлд цогцоор нь шийдвэрлэжээ.

Жилийн 4 улиралд ажиллах боломжтой, хоногтоо 1 тонн мөөг хураан авах хүчин чадалтай уг үйлдвэр нь эхний ээлжинд Монголчуудын хүнсэндээ өргөн хэрэглэдэг бор мөөг, хар мөөгийг тариалах бөгөөд цаашид цагаан мөөг, савхан мөөг тариалж, ургацаа эх орны томоохон зоогийн газар, ресторан, худалдааны төвүүдэд худалдан борлуулах юм.

Мөөг нь ус болон уургийн агууламж өндөртэй, цусан дахь сахарын хэмжээ, холестерин бууруулах, дархлаа сайжруулах зэрэг эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн аж.

“Хүнсний мөөг тариалах үйлдвэр” нь Сэргэлэн сумын нутагт байгуулагдсан учир ажиллах хүчнээ тухайн орон нутгаас авах сонирхолтой байгаа төдийгүй заавал мэргэжлийн ажилтан байх шаардлагагүй, ажил хийх хүсэл эрмэлзлэлтэй хүнийг ажлын байран дээрээ сургаж, дадлагажуулж ажлын байраар хангах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here