Нүүр хуудас Нийгэм Төрийн байгууллагад хариуцлага тооцох чадавхыг нэмэгдүүлнэ

Төрийн байгууллагад хариуцлага тооцох чадавхыг нэмэгдүүлнэ

188
0

Монгол Улсад “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн төлөвлөлтийн талаар хэлэлцэх уулзалт нийслэлийн төр захиргааны Хангарди ордонд болж байна. Уулзалтыг Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа юм. Уг арга хэмжээг нээж нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон дэлхийн банкны суурин төлөөлөгч нар үг хэллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Улаанбаатар хот бол Монгол Улсын нүүр царай. Монгол Улсын хөгжлийг Улаанбаатар хот маань манлайлан авч явдаг гэдэгт та бүхэн санал нэгтэй байгаа байх. Монгол Улсын нийслэлийн хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтад зөвхөн нийслэлчүүд, нийслэлийн төрийн захиргааны болон төрийн бус байгууллага төдийгүй олон улсын байгууллагууд, манай түншлэгч, хандивлагч нар томоохон үүрэгтэй оролцож ирсэнийг тэмдэглэн хэлье. Эдгээр гаднын түншүүдийн нэг бол Дэлхийн банк юм. Дэлхийн банк бол нийслэлтэй хэд хэдэн асуудлаар тодорхой төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ удаад хандивлагч байгууллагууд, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр засаглалыг сайжруулах, бэхжүүлэх чиглэлээр нийслэлийн хүн ам олноор суурьшсан, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний ачаалал өндөр байдаг Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт уг төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Энэ 3 дүүрэгт хэрэгжүүлэх төслийн төлөвлөлт, боловсруулалт, биелэлтэд шаардлагатай удирдамж, зөвлөмжийг нийслэлийн ЗДТГ-ын зүгээс дэмжин ажиллах болно” хэмээлээ.

Уг төслийн зорилго нь Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс төрийн байгууллагад хариуцлага тооцох чадавхыг нэмэгдүүлэх, үр дүн тооцох, албан ёсоор хэлбэржүүлэх, нийгмийн хариуцлагын институцийг бэхжүүлэх арга замуудын тусламжтай Монгол Улсын үндэсний болон орон нутгийн түвшин дэх улсын салбарын нөөц, хөрөнгө оруулалтын удирдлагыг илүү ил тод, хариуцлагатай, үр дүнтэй болгон нийгмийн хариуцлагыг бэхжүүлэхэд оршино гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here