Нүүр хуудас Нийгэм Улс төрийн намууд Ерөнхийлөгчид хандлаа

Улс төрийн намууд Ерөнхийлөгчид хандлаа

55
0
battulga-eronhiilogch
Улс төрийн намууд Ерөнхийлөгчид хандлаа

Нам эвсэлүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор үндэсний хэмжээний зөвшилцөх зөвлөл байгуулах зарлиг гаргахыг уриалж ханджээ. Мөн уриалгынхаа хамт Үндсэн хуулийн төслүүдийг хавсаргасан байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Х. БАТТУЛГА ТАНАА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЗӨВШИЛЦӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ЗАРЛИГ ГАРГАХЫГ УРИАЛАХ ТУХАЙ

Үндсэн хуулинд дангаараа нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын дарга, Үндсэн хуулийн Цэцийн даргад өргөн барилаа.

1992 оноос эхлэн мөрдөгдөж байгаа өнөөгийн Үндсэн хууль нь зохих үүргээ гүйцэтгэж шинэчлэгдэх бодит шаардлагатай болсныг тунгаасан нийгмийн өргөн хэлэлцүүлэг өрнөж, эдүгээ Үндсэн хуулийг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах 30 гаруй төсөл боловсрогдон олон зуун мянган иргэний талархал, дэмжлэгийг хүлээгээд байна.

Төрийн тогтолцооны гажуудлыг засах, иргэдийнхээ эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулан баялгийн эзэн байх эрхийг нь бодитой эдлүүлэхэд Үндсэн хуулийн шинэчлэл чиглэгдэх ёстой юм.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, мөн Сонгуулийн хууль тогтоомжийн асуудлаар 2018 оны 11 дүгээр сарын 29, 2019 оны 4 дүгээр сарын 16-ний өдрүүдэд улс төрийн намуудын удирдлагуудтай уулзахдаа “Хууль тогтоох Парламент хоёр шаттай байхыг би дэмждэг”, “Үндсэн хуулийг зөвшилцлийн үндсэн дээр батлах ёстой гэсэн байр суурьтай байна” хэмээн мэдэгдсэн ч хоосон амлалт байсан нь тодорхой болов.

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-д заасны дагуу Үндсэн хуулийн 1/3-ээс илүүгүй хэсгийг өөрчилж болохгүй гэдгийг иш үндэс болгон боловсруулсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн төсөл нь нийгмийн хүлээгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангахгүй болохыг улс төрийн бусад нам, иргэний байгууллагууд удаа дараа мэдэгдэж, зохих шаардлагуудаа хүргүүлж байсан хэдий ч тусыг эс олж тэд хүч түрэн шийдвэрлэхээр зориг шулууджээ.

Иймд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” байхаар заасан тул Төрийн Тэргүүн Танд хандан УРИАЛГА гаргаж байна.

Дэлхий нийтэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийг шинэчлэх, төрийн байгууллын үндсийг өөрчлөхөд хэрэглэгддэг олон хэлбэрийн зөвшилцөл, шийдлээс манай Улсад “ард түмэн хүлээн зөвшөөрөгдөх бүрэлдхүүнээр Үндсэн хуулийг шинэчлэх Хурилдай” (Constitutional Assembly) байгуулах арга хэлбэр илүү тохиромжтой гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” (3.1), Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1-д “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана” гэж заасны дагуу Үндсэн хуулийг цогцоор нь шинэчлэн боловсруулах санал, санаачлагыг дэмжин Ерөнхийлөгчийн дэргэд “Үндсэн хуулийг шинэчлэх санал боловсруулах Зөвшилцөх Зөвлөл”-ийг байгуулахыг уриалж байна.

Энэхүү Уриалгад Монголын ард түмнээр хэлэлцүүлэн олон зуун мянган хүний дэмжлэг, саналыг тусгасан Монгол Улсын төрийн тогтолцоог зөвтгөж, тогтвортой хөгжлийн замд хөтлөх Үндсэн хуулийн төслүүдийг хавсаргав.

УЛС ТӨРИЙН НАМУУД:

ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨН, ХОЛБООД

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here