Нүүр хуудас Нийгэм Хотын дарга СТАРТ АПУУД-тай уулзав

Хотын дарга СТАРТ АПУУД-тай уулзав

107
0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн бизнес эрхлэгч залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрдөг.

Улс орны эдийн засаг, нийгмийн төв болсон Улаанбаатар хот хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийг бий болгоход инноваци шингэсэн, жижиг дунд, бизнес эрхлэгчид чухал байр суурь эзэлнэ.

Монгол нүүдэлчин, соёл уламжлалаа хадгалж үлдэх, дэлхийд сурталчлах зорилго бүхий НААД брэндийн Мимо – Монгол гэрийг үйлдвэрлэж буй “Талын эзэн” ХХК, эх орныхоо байгалийн цэвэр түүхий эдийг ашиглан дэлхийн стандартад нийцсэн, шинэлэг гоо сайхны бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж буй Ламоур брэндийг үйлдвэрлэгч “Натурал Эссеншлс” ХХК болон дэлхийн стандарт, чанарын дагуу хүүхдийн гутал үйлдвэрлэж Япон, ОХУ-ын зах зээлд нийлүүлэхээр ажиллаж буй “Хос аз” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр хотын даргатай уулзаж, бүтээгдэхүүнээ танилцуулаа.

Хотын дарга үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзсаныхаа дараа “Нүүдэлчин түмний өв уламжлал болсон 3000 гаруй жилийн түүхтэй Монгол гэрийг угсардаг тоглоом хэлбэрээр бүтээж, зөвхөн монголын гэлтгүй дэлхий нийтийн хүүхэд багачуудад үндэсний соёлоо сурталчлах том ажил, төсөл эхлүүлсэнд баяр хүргэе. Хүүхдийн тоглоомын дэлхийн зах зээл асар том бөгөөд цаашид хүрээгээ тэлэх маш ирээдүйтэй зах зээл гэдэг нь ойлгомжтой. Харин монгол залуус үндэсний өв уламжлал, инновацийг хослуулж, дэлхийн стандартад нийцсэн тоглоомын үйлдвэрлэл эхлүүлсэнд миний бие талархан хүлээж авч байна. Нөгөө талаар Мимо – Монгол гэр нь улам бүр хотжиж байгаа өнөөгийн цаг үед инноваци шингэсэн уламжлалт тоглоомоороо дамжуулж, ирээдүй хойч үедээ өв уламжлалаа өвлүүлэн үлдээх зөв гарц, менежмент болж чаджээ. Өнөөдөр гурван өөр үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзлаа. Гурвуулаа үндэсний үйлдвэрлэл. Хотын даргын хувьд та бүхний үйлдвэрлэлийг дэмжиж байна. Үндэсний үйлдвэрлэгч та бүхнийг дэмжинэ гэдэг тэнд ажиллаж буй иргэдийг дэмжиж буйгаас гадна ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх боломж бүрдүүлж өгч байна гэж би ойлгож байгаа” хэмээн онцоллоо.

Хотын дарга уулзалтын үеэр, Мимо – Монгол гэр болон Ламоур брэндийг жил бүр тодорхой хэмжээнд худалдан авч, гадаадын зочид, төлөөлөгчдөд бэлэглэж байхаас гадна өв уламжлалаа хадгалан үлдээх санаачлагын хүрээнд цэцэрлэг, дунд сургуулийн сурагчдийн хэрэглээнд нийлүүлэх ажлыг холбогдох төрийн байгууллагуудад уламжилж шийдвэрлүүлэхээ амлалаа. Мөн нийслэлийн худалдан авах ажиллагааны бодлогод үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ тэргүүн ээлжид дэмжин ажиллах, бодлого хэрэгжүүлэн ажиллах болно гэдгээ хотын дарга мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх” зорилтын хүрээнд Нийслэлийн Инноваци хөгжлийн төвийг 2017 оны арван хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Дэлхий нийтээрээ инновацид ач холбогдол өгч, инновациар өрсөлдөж байна. Учир нь инноваци шингэсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болж давуу талыг бий болгодог.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Инноваци хөгжлийн төв байгуулагдаж байгаа бөгөөд нээлтээ тун удахгүй хийх гэж байна. Энэ төв инноваци шингэсэн, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилготойгоос гадна, Монгол Улсад старт апын эко системийг бий болгоход голлох үүргийг гүйцэтгэх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here