Нүүр хуудас Нийгэм Хотын дарга С.Батболд: Амьдрах орчноо сайжруулах санаачлагыг үргэлж дэмжинэ

Хотын дарга С.Батболд: Амьдрах орчноо сайжруулах санаачлагыг үргэлж дэмжинэ

422
0
ail-tohijilt
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Цогт-Очирын гэрт нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг зочиллоо
~Амьдрах орчноо сайжруулах санаачлагыг үргэлж дэмжинэ~

Бусдад үлгэр жишээ жишиг болж амьдарч буй нэг жишээ болсон Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Цогт-Очирын гэрт нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг зочиллоо.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд 15 жил гаруй суурьшин амьдарч буй энэ өрх хашааныхаа ногоон байгууламж тохижилтын ажлыг зураг гарган төлөвлөжээ.

Энэ жилийн аяны хүрээнд 12 сая төгрөгөөр усан оргилуур, баримал тавьж зүлэгжүүлжээ. Хашаандаа шар хуайс, голт бор, сарнай зэрэг 14 төрлийн мод, чацаргана, үхрийн нүд, мойл зэрэг 6 төрлийн жимсний мод, цэцэгт ургамал тарьсан байна.

Хашаандаа хоёр машины гражтай, халаалтаа цахилгаанаар шийдсэн бөгөөд хамгийн оргил үед сарын 450 мянган төгрөгийн цахилгааны төлбөр төлдөг гэлээ.

Бохир, цэвэр усны асуудлаа бүрэн шийдэж гэр хороололд тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн жишиг өрх болжээ.

Монгол ахуйг хүүхдүүдэд танин мэдүүлэх, монгол гэр, таван хошуу малыг хүүхэд, багачуудад үзүүлэн таниулах үүднээс зүлэгжүүлсэн талбайд тохижилт хийжээ.

Мөн бусад айл өрхүүдэд үлгэр жишээ болохоор ахуйн хогоо ангилан ялгаж хаяж байгаа гэж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн А.Навчаа ярилаа.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо 2480 гаруй өрхтэй, 11524 мянган хүн амтай гэр хорооллын хороо юм. Тус хороонд “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд 320 өрх айл хашаагаа тохижуулж, мод зүлэг тарьжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд

Нийслэл хотын иргэдийн 48 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Иргэдийг орон сууцжуулах бодлого явагдаж байгаа боловч гэр хорооллын айл өрхүүдийн амьдрах орчныг сайжруулах ажил мөн бодлогын чанартай хэрэгжиж байна.

Иргэдийн дунд судалгаа явуулахад 60 орчим хувь нь амьдарч байгаа газартаа орчноо бүрдүүлж, тав тухтай амьдрах хүсэлтэй байгаа юм.

Тиймээс бид амьдрах орчныг сайжруулах, иргэдийн санал санаачлагыг дэмжих үүднээс “Манай хороо – Миний гудамж” хөтөлбөрийг санаачлан болзолт уралдаан зарласан. Иргэдийн санал, санаачлага өндөр, идэвх сайтай байна.

Иргэд өөрсдийн амьдрах орчин нөхцөлдөө анхаардаг болсон нь харагдаж байна. Мөн худаг ус гаргах, үр үрсэлгээ авах, мод зүлэг тарих гэх мэтчилэн боломж нөхцөл хөгжсөн нь нөлөөлж байна.

Аянд оролцож байгаа айл өрхүүдтэй уулзаж, зураг авч, дүрс бичлэг хийж тэргүүний туршлага болгон нэвтрүүлнэ. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар хэд хэдэн ажил хэрэгжиж байна.

Иргэдийн газрыг үнэлгээг дээшлүүлж газрын сан байгуулж байгаа. Хүсвэл иргэд өөрсдийн эзэмшлийн газраа үнэлүүлж орон сууцны урьдчилгаа болгож болно. Мөн дэд бүтцийн төв барих газруудыг тодорхойлж 50 төв байгуулахаар болоод байна.

Иргэд санаачлага, хөрөнгө санхүүгээр нэгдвэл 200 айл өрхийн дунд нэг дэд бүтцийн төв байгуулах боломжтой. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хамгийн эхний дэд бүтцийн төв баригдаж байна.

Нийслэл хотын зүгээс амьдрах орчноо сайжруулах санал санаачлагыг үргэлж дэмжиж ажиллана” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here