Нүүр хуудас Нийгэм Хот хөдөөгийн хүн амын амжиргааны түвшин эрс тэс байна

Хот хөдөөгийн хүн амын амжиргааны түвшин эрс тэс байна

130
0

Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банктай хамтран “Ядуурлын дүр төрх-2016” ядуурлын тооцооны үр дүн мэдээг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Судалгаагаар ядуурлын түвшинг анх удаа аймгийн түвшинд тооцон гаргаж, танилцуулж байгаа нь энэ юм.

ҮСХ болон Дэлхийн Банкны хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнг авч үзвэл Монгол улсын ядуурлын түвшин 2014 онд 21.6 хувь байсан бол 2016 онд 29.6 хувьд хүрч 8.0 пунктээр өсжээ. Энэ нь 2016 оны нийт хүн ам болох 3 сая хүнээс 907.5 мянган хүн нь ядууралд өртсөн байна гэсэн үг. Ядуурлын гүнзгийрэлт 2016 онд 7.7 хувь болж, 2014 оныхоос 2.5 пунктээр, ядуурлын мэдрэмж 2.9 хувь болж, 2014 оныхоос 1.0 пунктээр өссөн байна.

Хот хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшинг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал илүү нэмэгдсэн байна. Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч хөдөөд ядуурлын түвшин 10.1 пунктээр өссөн байна. Тодруулбал, хөдөөд ядуурлын түвшин 2014 онд 2012 оныхоос 11.7 пунктээр буурсан байсан. Харин 2016 онд эргээд 10.1 пунктээр өссөн байна. Энэ нь ядуурлын шугамын дөнгөж дээр байсан өрхүүд эдийн засаг, нийгэм, байгаль, цаг уурын багахан хүндрэлд өртөж, буцаад ядуурлын шугамын доор орсныг харуулж байна.

Бүс нутгийн хувьд авч үзвэл Зүүн бүсэд ядуурал 12.5 пунктээр, Баруун бүсэд 10.0 пунктээр, Улаанбаатар хотод 8.4 пунктээр, Хангайн бүсэд 8.3 пунктээр, харин Төвийн бүсэд ядуурлын түвшин бусад бүсүүдтэй харьцуулахад арай бага буюу 4.6 пунктээр нэмэгдсэн байна.

Ядуурлын байдлыг аймгаар бүсчилж харвал Баруун бүсийн хувьд Увс аймгийн ядуурал бусад дөрвөн аймгаас нэлээн бага буюу хамралтын хүрээ нь 24.2 хувь, Завхан аймагт ядуурал хамгийн өндөр буюу хамралтын хүрээ нь 47.5 хувь байна. Хангайн бүсийн хувьд Орхон аймгийн ядуурал бусад таван аймгаас нэлээн бага буюу хамралтын хүрээ нь 23.5 хувь, Өвөрхангай аймагт ядуурал хамгийн өндөр буюу хамралтын хүрээ нь 41.1 хувь байна. Төвийн бүсийн хувьд Өмнөговь аймгийн ядуурал бусад зургаан аймгаас нэлээн бага буюу хамралтын хүрээ нь 15.4 хувь, харин Говьсүмбэр аймагт ядуурал хамгийн өндөр буюу хамралтын хүрээ нь 52.4 хувь байна. Харин Зүүн бүсийн хувьд гурван аймгийн ядуурлын хамралтын хүрээ ойролцоо буюу 41.5-47.0 хувь байна.

Улсын хэмжээнд нийт аймгуудын ядуурлын байдлыг авч үзвэл Увс, Орхон, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв аймгуудаас бусад аймгуудад ядуурлын хамралтын хүрээ нь Улсын дунджаас дээгүүр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here