Нүүр хуудас Нийгэм Хүн төрөлхтний буруу үйл ажиллагаа

Хүн төрөлхтний буруу үйл ажиллагаа

580
0

Хүний махаар хооллогчид олширсон  Хүний зохисгүй үйл ажиллагааны нэгэн жишээ нь Пасхи арал. IX-X зуунд энэ арал дээр хүмүүс суурьшихаас өмнө домогт арал өтгөн ойгоор бүрхэгдсэн байсан ч 1600 он гэхэд ой модны ул мөр ч үлдээгүй байна. Хэдэн зууны туршид хүмүүс газар тариалангийн талбай гаргах, завь, байшин барих, түлшиндээ хэрэглэхийн  тулд ой модыг тайрчээ. Ойг хайр найргүй устгаснаар хөрс элэгдэж, ургац муудан, улмаар энэ нь хүн ам цөөрөхөд нөлөөлж, хүмүүс өлсгөлөнгөөр амиа алдаж, хүний махан хүнстнүүд олширч, дайн дэгдэн, газар тариалан орхигдож, хүмүүс агуйд амьдарч эхэлжээ. 1722 онд арал дээр европчууд ирэхэд нэг ч мод олж хараагүй гэдэг. Нэгэнтээ 17 мянга гаруй хүн амьдарч байсан энэ газарт 3000 орчим нутгийн иргэд байжээ. Пасхи арал дээр одоо ч ой мод байхгүй, тиймдээ ч холоос ургамал зөөн ирж суулгасан  Түүхэнд байгалийн ойн оронд төгс ой бүтээх гэсэн Герман эрдэмтдийн оролдлого тэмдэглэгдэн үлдсэн байдаг. XVIII зууны сүүл үед энэ санаа гарч XIX зуунд бүхэлд нь хэрэгжүүлж байжээ. Германчууд ойг цэвэрлэж, яг л цэргүүд шиг эгнүүлэн жагсаасан, тайрсан моднуудыг суулгаж байжээ. Анхандаа энэхүү ой үнэхээр л амьдрах чадвартай гэдэг нь батлагдаж, багагүй ашиг авчирч байсан тул Норвегоос эхлээд Хойд Америк хүртэл олон оронд энэ туршлагыг нэвтрүүлэх болов. Гэвч нэг үеийн дараа ой мөхөж эхлэн, орлого буурч, онол батлагдсангүй. Ойн аж ахуйд стандарт тогтоох нь ямар ч ашиггүй гэдэг нь батлагдаж, улмаар энэ туршилтын дүнд олон газар үржил шимгүй болсон​ гэдэг.

Голын голдрилыг өөрчлөх гэж оролдсон нь 

ХХ зууны хоёрдугаар хагаст дэлхийд томоороо дөрөвдүгээрт ордог,  Дундад Азийн Арал тэнгис бага багаар устаж эхэлжээ. Энэ нь ЗСБНХУ-ын өмнөд хэсэгт хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрс эрчимжсэнтэй холбоотой байв. Арал тэнгис рүү цутгадаг голуудын усыг тариалангийн талбай услахад зарцуулан, ихэнх хэсэг нь ямар ч үр ашиггүй зарцуулагддаг байжээ. 1961 оноос эхлэн тэнгисийн усны түвшин жилд 80-90 сантиметр доошлон, нуур шавхагдаж, 1989 онд хоёр хэсэг хуваагдав. 2003 он гэхэд усны түвшин 31 метрээр доошилж, анх байсан хэмжээний уснаас ердөө 10 хувь нь үлдсэн гэдэг. Үр дүн нь үнэхээр аймшигтай байлаа, тэнгис маш их давсархаг болж, олон төрлийн амьтан, ургамлын аймаг устан, загас мөхсөнөөс загасны аж ахуй хаагдаж, хүмүүс ажилгүй болжээ. Цаг агаар ч өөрчлөгдөв. Өвөл нь урьд өмнөхөөс хүйтэн, бас урт, харин зун нь хуурай, халуун байх болов. Сырдарья, Амударьяа голын талбайгаас зөөвөрлөгдсөн химийн бодис, пестицидүүд одоо хэр нь салхиар тархаж, хүн амын эрүүл мэндийг хордуулсаар байна. Тэр үеэс хойш Арал тэнгис шавхагдан, Зөвлөлтийн эрдэмтэд Обь, Иртыш голын усны тусламжтайгаар нуурын усны түвшинг сэргээж чадна хэмээн найдаж “Сибирийн голыг эргүүлэх” сүрхий төсөл эхлүүлж байв. Гэвч 1986 онд Зөвлөлтийн Намын төв хорооны улс төрийн товчоо энэхүү төсөл нь экологийн талаас маш их сүйрэлд хүргэж мэднэ гэдгийг хүлээн зөвшөөрөн төслийг зогсоожээ. Хятадын хуурай хойд хэсэгт өмнөд нутгаас голыг эргүүлэн урсгах төсөл хэрэгжиж байв. Энэ төсөл 2002 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2050 он гэхэд дуусах ёстой байв. “Хятадын голуудыг эргүүлэх” төсөл нь Өмнөд Хятадын Янцза гол болон түүний цутгалангуудыг гидротехникийн төхөөрөмжийн системийн тусламжтайгаар Хятадын хойд хэсгүүд рүү эргүүлэх талаар тусгагдсан байв. Шинжээчид энэ төслийн хохирлыг хэдийнэ тооцсон бөгөөд эртний түүхэн байгууламжуудыг устгах, хүн амыг нүүлгэн шилжүүлэх, бэлчээрийг сүйрүүлэх гээд олон хохирол учруулна гэсэн дүгнэлт гарчээ. Харин ирээдүйд экологид хэрхэн нөлөөлөхийг цаг хугацаа л харуулах биз.                                                                                                                                                                                                              Шинэ омгийн туулайн ширүүн тэмцэл

1788 онд Австралид зөөж авчирсан туулайнууд жинхэнэ “гай” авчирч байлаа. Хэдэн мянгаараа айлуудын хаяагаар тэнэж, тааралдсан бүхнээ цөлмөж байв. Энэ байдлыг Британийн анчин Том Остин бүр дордуулж орхив. 1859 онд тэрбээр гэрийн тэжээмэл туулайнуудаа сул тавин, бусдыг ч туулайнуудаа суллахыг уриалав, байгалд ямар ч хоргүй гэж бодсон доо тэр. Гэвч анчин андуурч, тэжээмэл туулайнууд онгон байгаль дахь туулайнуудаа эвцэлдэн шинэ төрлийн, байгальд илүү тэсвэртэй, мөн түрэмгий туулайнууд бий болж, ургамал сүйдлэн, бусад төрлийн амьтад сүйдэхэд нөлөөлсөн гэдэг. Тэдний тоо толгойг хянахад хэцүү байсан нь Австралийн засаг болон эрдэмтдийн толгойны өвчин байлаа. Туулайнуудыг буудаж, хордуулж, хавхаар агнаж, тэр бүү хэл зориудаар вирусийн халдвар тархааж байв.                                                                                                                                  “Аюулгүй ” арал

Номхон далай дахь Бикини гэх жижигхэн арал 1946 оноос эхлэн АНУ-ын цөмийн туршилтын бааз болжээ. Нутгийн оршин суугчдыг өөр арал руу нүүлгэснээс хойш энд 67 удаа цөмийн туршилт хийсэн байна. Хөтөлбөрийг зогсоосноос арван жилийн дараа АНУ энэ арлыг амьдрахад аюулгүй гэж зарласны дараа нутгийн оршин суугчид арал дээр эргэн ирэв. Гэвч үнэндээ арал аюулгүй биш гэдэг нь хожуу мэдэгджээ. Арлын 840 оршин суугч хавдар болон бусад өвчний улмаас удалгүй нас барж, нөхөн төлбөр авах гэж шаардсан 7000 хүнээс 1865 хүнийг нь албан ёсоор хохирогч болсон гэж хүлээн зөвшөөрсөн ч тэдний тал хувь нь удалгүй нас баржээ. АНУ-ын Засгийн газар буруугаа хаацайлахын тулд янз бүрийн нөхөн төлбөр өгч байв.  Хүн төрөлхтний өөр нэгэн алдаа нь аж үйлдвэр болон барилгад асбестыг өргөнөөр хэрэглэж байсан явдал юм. Энэхүү байгалын эрдэс нь аюултай нүдэнд үл харагдах тоос ялгаруулах бөгөөд энэ тоос удаан хугацаанд гарснаар асбестоз, хавдар, уушгины өвчин зэрэг янз бүрийн өвчин үүсгэдэг юм байна. Европт 2005 оноос эхлэн асбестыг хэрэглэхийг хориглосон ч Орост одоо хүртэл үйлдвэрлэж, барилгад хэрэглэсээр байгаа тухай мэдээлэл буй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here