Нүүр хуудас Нийгэм Шатахууныг хуурамч эсэхэд хяналт тавих “ЛАБОРАТОРИ”-той болно

Шатахууныг хуурамч эсэхэд хяналт тавих “ЛАБОРАТОРИ”-той болно

23
0
shatahuun
Шатахууныг хуурамч эсэхэд хяналт тавих "ЛАБОРАТОРИ"-той болно

Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр /2019.05.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор оруулж ирдэг. Өнгөрсөн 2018 онд 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авснаас 60 хувийг нь ДТ, 30 гаруй хувийг А-92 авто бензин эзэлжээ.

Нефтийн бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог тул бүтээгдэхүүний үнэ өсөж буурахад ам.долларын ханшийн өсөлтөөс гадна дэлхийн зах зээл дэх баррел тосны үнийн хэлбэлзэл нөлөөлдөг гэдгийг албаныхан тодотголоо.

Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сард ам.доллар 2500 орчим төгрөг байсан бол 2019 оны тавдугаар сарын 3-ний байдлаар 2640 орчим төгрөг болсон.

Хэдий валютын ханш өссөн нь газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан болсон ч дэлхийн зах зээлд баррель тосны үнэ буурсан нь эерэг нөлөө үзүүлж, Засгийн газраас тодорхой татварын зохицуулалт хийж, жижиглэнгийн үнийг тогтвортой барих арга хэмжээг хэрэгжүүлж иржээ. Мөн өнгөрсөн онд нефтийн бүтээгдэхүүний үнийг гурван удаагийн арга хэмжээгээр нийтдээ литр тутамд нь 250 төгрөгөөр бууруулж чадсан аж. Гэвч 2019 оны гуравдугаар сараас дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буцаж өссөн. ОХУ хилийн үнээ нэмэгдүүлсэн зэргээс үүдэж нефтийн бүтээгдэхүүний үнэ Монголд өсөхөөс аргагүй болсон гэлээ.

Сүүлийн жилүүдэд Монголын зах зээлд чанарын шаардлага хангахгүй нефтийн бүтээгдэхүүн худалдаалагдах болсон тухай яригдах болсон. Түүнийг шинжлэх гурван лаборатори улсын хэмжээнд ажилладаг байна.

Тодруулбал, Ашигт малтмал газрын тосны газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын харьяанд тус бүр нэг, нэг лаборатори ажилладаг аж. Гэхдээ хүчин чадал багатай. Харин энэ онд багтаан Ашигт малтмал газрын тосны газар хилээр импортлогдон орж ирж буй бүх нефтийн бүтээгдэхүүнийг бүрэн шинжлэх лаборатори ашиглалтад оруулах ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here