Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр “ЗУЛЫН 25”-ны их дүйчин өдөр

Өнөөдөр “ЗУЛЫН 25”-ны их дүйчин өдөр

500
0

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн 25 буюу “Зулын 25-ны их дүйчин өдөр” юм. Энэ өдрийг Буддын шашинт улс орон,түүний дотор монголчууд олон зуун жил ёслон тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.

Шарын шашныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын Билгийн 25-ны энэ өдөр юм.

Дашрамд дурдахад, Богд Зонхова 1357 он буюу ‘’Алтан унжлагат’’ хэмээх гал тахиа жил мэндэлж, 1419 он буюу ‘’Хөврөгч’’ хэмээх шороон гахай жил жанч халжээ.

Тэр  цагаас хойш жил бүр энэ өдрийг “Зулын 25”  хэмээн Буддын шашинт улс гүрэн бүхэн тэмдэглэж, мянган тахилын зул  хүж өргөн, их хурал ерөөл хурах болсон төдийгүй айл бүхэн зул асаан их  буян үйлдэх болсон аж.

Бас нэгэн онцлон дурдууштай зүйл бол, Монголчууд  өвлийн идшээ энэ дүйчэн өдрийн өмнө төхөөрч дуусгаад, олон  амьтны амь тасалсан гэм нүглээ наманчилж, амь хороогдсон  малынхаа төрлийг дээшлүүлэх буянд шамдан зул өргөн, “Зулын 25”-ны  хурлыг даган баясдаг билээ. Зул өргөхдөө идшинд төхөөрсөн  малынхаа баруун бөөрний өөхийг хайлан зул өргөдөг заншил ч зарим нутагт байдаг.

“Зулын 25”-ны билэгт сайн өдөр зул өргөхдөө: “Ум зула зула бара бара зула суухаа” тарнийг уншин зул өргөх ёс жаягийн дагуу зулаа өргөвөөс зохимжтой бөгөөд мөн Богд ламын магтаал залбирал “Мэгзэм”-ийг олонтаа уншиж, Богд ламыг сэтгэлдээ бодон залбирдаг аж.

Богд Зонхова нь Буддизмыг шинэчлэгч гүн ухаантан бөгөөд Түвдийн Буддизм гарч ирсэн мэргэдийн манлай юм. Богд Зонховын эцэг нь Юань гүрний үед Түвдийн Амдо мужийн Дархач Лүмбүмгэ хэмээх Дархач буюу хошуу захирагч хүн байсан бөгөөд Монгол, Түвд ямар үндэстэн болох нь батлагдаагүй байгаа гэлцдэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here