Нүүр хуудас Нийгэм “Эрдэнэт үйлдвэр”-ээс Ю.Цэдэнбалыг нэхэн шагналаа

“Эрдэнэт үйлдвэр”-ээс Ю.Цэдэнбалыг нэхэн шагналаа

220
0
Ю.Цэдэнбал
Ю.Цэдэнбал
Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 9 сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосныг тэмдэглэх “Хүндэтгэлийн өдөр”-ийн арга хэмжээг үйлдвэрийн захиргаанаас зохион байгуулав.
“Хүндэтгэлийн өдөр”-ийн үйл ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Ю.Цэдэнбалын Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор, профессор С.Галсан, Академийн ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан М.Даваасүрэн, Академийн тэргүүлэгч, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх П.Төвсанаа нарын зочид төлөөлөгчид, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэд захирлууд, удирдах ажилтнууд болон анхдагч ахмадууд, иргэдийн төлөөлөл уригдан оролцжээ.

Ёслолын ажиллагааны эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох тухай Монгол Улсын Засгийн Газрын тогтоолыг бүрэн эхээр нь уншиж, сонордуулсан байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын 2016 оны 9 сарын 15-ны өдрийн А/503 тоот тушаалаар 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах түүхэн шийдвэр гаргаж, онцгой гавьяа байгуулсныг үнэлж, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсныг түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалиар нэхэн шагнажээ.

Шагналыг тус үйлдвэрийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Д.Даваасамбуу, Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, ерөнхий захирлын туслах, тамгын хэлтсийн дарга Н. Баттулга нар гардуулав. Энэхүү шагналыг Ю.Цэдэнбал агсны төрсөн эгчийн охин П.Сүрэн гардан авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here