~11 иргэн хотын даргаас байрны түлхүүрээ гардлаа~
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаа үргэлжилсээр байна.
Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчдад орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийг орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж байна.
Тус санд хамрагдсан гэр хорооллын 11 иргэн хотын даргаас байрны түлхүүрээ гардан авлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд
“Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлага бид бүхэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд онцгой анхаарч, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.Агаарын бохирдлыг зөвхөн өвөл яриад өнгөрөх бус жилийн дөрвөн улиралд ярьж, хэлэлцэж гэмээн богино хугацаанд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдэнэ.Нийслэлийн удирдлагын зүгээс 2017 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгааны шөнийн тарифийг хөнгөлөх, нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгах, хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангах гэх мэт олон ажил хийж хэрэгжүүлжүүлж эхэлсэн.Дээрх ажлууд энэ жил ч үргэлжилэх болно. Гэвч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сонгодог арга бол иргэдээ орон сууцжуулах явдал гэдэгтэй олон эрдэмтэн, судлаач санал нэгдэж байгаа.Тиймээс “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-г байгуулсан. Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан юм. Үүгээр дамжуулан зах зээлд борлуулагдаагүй орон сууцнуудыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байна”
хэмээлээ.
Агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 м2-аас доошгүй байна гэж заасан.
Эдгээр шаардлагуудаас гадна арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм.
“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм.