Нүүр хуудас Нийгэм 15 жил түрээслээд өмчлөх боломжтой 1002 айлын ОРОН СУУЦ барина

15 жил түрээслээд өмчлөх боломжтой 1002 айлын ОРОН СУУЦ барина

251
0

Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн газарт 2017-2019 онд 1002 айлын түрээсийн орон сууц барих “Нийслэлийн түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэхийг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ.

Тэргүүлэгчдийн хуралд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулав. БНХАУ-ын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон автозам, автомашины зогсоолтой, 9-15 давхар бүхий 1002 айлын орон сууц барихаар дээрх төслийг боловсруулсан байна. Орон сууц нь 30-75 ам дөрвөлжин талбайтай байх бөгөөд түрээсийн төлбөр м2 нь 7500 байх аж. Ингэж тооцвол 30 ам дөрвөлжин орон сууцны түрээс сарын 225 мянган төгрөг байх юм. Мөн иргэд түрээсийн үндсэн төлбөрөөс гадна ашиглалтын зардал буюу цахилгаан, ус, дулааны мөнгөө төлнө. НОСК-иас дээрх орон сууцны түрээсийн гурван нөхцөл санал болгож байгаа аж. Тухайлбал, иргэн сонгосон байраа 15 жилийн хугацаанд түрээслээд өөрийн болгох боломжтой. Мөн урьдчилгаа 30 хувьтай тэнцэхүйц хэмжээний түрээс төлсний дараа 8 хувийн зээлд хамрагдах, эсхүл өмчлөхгүйгээр тодорхой хугацаанд түрээслэх юм. Өмчлөх тохиолдолд нэг м2 нь 1.1 сая төгрөг байхаар тооцсон байна. Төслийг хэрэгжүүлснээр 113 байнгын ажлын байр шинээр бий болно хэмээн төлөвлөж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, “Өнгөрсөн сард Монголын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банкны төлөөлөл уулзсан. БНХАУ-ын Хөгжлийн банкны зүгээс Улаанбаатар хот төслийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн тохиолдолд зээл олгоход асуудалгүй гэсэн тайлбар өгсөн. Хуучин Ханын материалын үйлдвэр нийт 9.2 га талбайтай. Бид энэ газарт бүтээн байгуулалтаа хийхээр төлөвлөсөн. Гэтэл өмнө нь энэ газрын 2 га талбайд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын байрыг барих зөвшөөрөл олгочихсон байсан. Тиймээс бид төсөлд тусгасан нийтийн эзэмшлийн гудамж талбайгаас тодорхой хэмжээгээр хасч Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т 2 га талбай гаргаж өгөх боломжтой хэмээн үзэж байгаа” гэлээ.

Энэ үеэр тэргүүлэгч Н.Баянмөнх, “Барилгын зах зээлд 30 мянга гаруй орон сууц эзэнгүй байгаа. Нийслэл өөрөө орон сууц барьж байхаар хувийн хэвшлийнхэнтэй хамтран иргэдийг орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэж болохгүй юм уу. 25 сая ам.долларын зээлийн хүү хэд байх вэ” хэмээн тодруулав.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, “Бидний гаргасан судалгаагаар нийслэлд 10 мянга гаруй л эзэнгүй байр бий. Эдгээр байрны нь м2 нь 1.8 сая төгрөгөөс дээш байгаагаас гадна ихэвчлэн 4-5 өрөө байна. Иргэдэд энэ хэмжээний өндөр үнэтэй байрыг худалдан авах боломж хомс. Нөгөөтэйгүүр БХБ-ын сайдын тушаалаар бид 2020 он гэхэд нийслэлд 16 мянган түрээсийн орон сууц барих ёстой. Энэ удаагийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд бид БНХАУ-ын Хөгжлийн банкнаас дахин зээл авч, 10 мянган түрээсийн орон сууц барих боломжтой. Зээлийн хүү маш бага. Бид зээлийг иргэдийн түрээсийн төлбөрөөс эгүүлэн төлнө. НОСК-иас баталсан түрээсийн орон сууцны м2-ын үнэ 6000 төгрөг. Харин энэ байрны түрээсийн төлбөр 7500 төгрөг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү түрээсийн төлбөрт шингэсэн” гэсэн тайлбар өглөө.

Мөн төлөөлөгчдийн зүгээс түрээсийн байраа 8 хувийн зээлээр авах хүсэлтэй иргэдэд банкнаас тавих шаардлагыг бууруулах боломжийг судлах, түрээслэх иргэдийн бүрдүүлэх материал болон холбогдох бусад журмыг уян хатан байдлаар батлах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон тэргүүлэгчдийн олонх төслийг дэмжиж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here