Нүүр хуудас Нийгэм 2018 оны төсөвт Монголын цахилгаан…

2018 оны төсөвт Монголын цахилгаан…

307
0
2018 оны төсөвт Монголын цахилгаан...
2018 оны төсөвт Монголын цахилгаан...
САЙН МЭДЭЭ: 2018 оны төсөвт “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувийг худалдан авах 2.5 сая ам.долларыг суулган батлуулжээ.
“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувийг буцаан авах гэрээг дөрөвдүгээр сарын 30 гэхэд байгуулахаар холбогдох материалыг бүрдүүлж байна. Манай Засгийн газар 1995 онд БНСУ-ын “Кореа телеком” компанитай дээрх компанийн 40 хувь болох 10 сая гаруй ширхэг хувьцааг 4.5 сая ам.доллароор худалдах гэрээ байгуулсан юм. Ингээд нэг үе тус компани ашигтай ажиллаж байсан гэдэг. Харин 2009 оноос “Кореа телеком”-ынхон худалдаж авсан хувьцаагаа зарах талаар судалж эхэлсэн гэнэ. Манай Засгийн газар тухайн үед мөрдөж байсан Харилцаа холбооны тухай хуульд нийцүүлэн 2008 онд “Монголын цахилгаан холбоо” ХК-иас “Мэдээлэл холбооны сүлжээ” гэж компани салган байгуулж, байрыг нь болон орон нутагт тавигдсан шилэн кабелийн үйл ажиллагааг хариуцуулсан байдаг. Ингэхдээ БНСУ-ын компанид үүрэн телефоны тусгай зөвшөөрөл өгөхөөр тохиролцсон ч үүнийгээ ажил хэрэг болгож чадаагүй аж. Тиймээс худалдан авсан хувьцаагаа зарахаар болсон сурагтай.

Манай Засгийн газар, “Кореа телеком”-той 1995 оны наймдугаар сарын 31-нд байгуулсан гэрээний дагуу 40 хувиа зарахаар болсноо илэрхийлж, давуу эрхээрээ 2.5 сая ам.доллароор худалдан авах уу гэж асуусан гэнэ. Засгийн газар өнгөрсөн оны зургадугаар сарын 15-ны хурлын тэмдэглэлдээ уг хувьцааг худалдан авахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 30-нд Засгийн газрын тогтоол баталж, БНСУ-ын талд хүргүүлсэн байна. Улмаар 2018 оны төсөвт “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувийг худалдан авах 2.5 сая ам.долларыг суулган батлуулжээ.

Хэрэв Засгийн газар уг хувьцааг худалдан авах эрхээсээ татгалзсан бол манай улсын нэг иргэнд худалдахаар “Кореа телеком”-ынхон аман тохиролцоо хийсэн гэх мэдээлэл ч байгаа юм. “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 10 гаруй сая ширхэг хувьцаа хэдийд Монгол Улсын өмч болох, цаашид хэрхэхийг ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнээс тодруулахад “Засгийн газраас тус компанийн 40 хувь болох 10 гаруй сая ширхэг хувьцааг худалдан авах саналаа 2017 оны долдугаар сарын 18-нд БНСУ-ын “Кореа телеком” компанид хүргүүлсэн. Ингээд төсөвт хөрөнгийг нь суулгаж, Солонгосын талтай хэлэлцээр хийж, энэ оны дөрөвдүгээр сарын 30-наар тасалбар болгон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг ТӨБЗГ-ын дарга хийхээр болоод байгаа.

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хувьцааны 56.4 хувь нь төрийн өмч, 5.33 хувийг гадаад, дотоодын иргэд эзэмшдэг. Засгийн газраас хувьцаагаа худалдах санал жижиг хувьцаа эзэмшигчдэд тавихаар болсон. Солонгосын талаас хувьцааг худалдан аваад цаашид тус компанийн үйл ажиллагааг сайжруулан үнэ цэнэтэй болгоод Монголын хөрөнгийн биржээр дамжуулж худалдах чиглэл барьж байгаа. Ингэхийн тулд компанийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих ёстой” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here