Нүүр хуудас Нийгэм 29-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ

29-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ

183
0

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай дунд сургууль болох 29-р сургуулийн сурагчид багш нар нь дохионы хэлээр хичээл заадаггүйгээс сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байна хэмээн захиралдаа удаа дараа санал гаргаж байсан боловч энэ асуудлыг шийдвэрлэхээр арга хэмжээ авах нь байтугай, хүсэлтэд нь хариу өгөөгүй тул сурагчид хичээл хаялт зарлаж, хэвлэлийн мэдээллийнхний анхаарлыг тус сургуулийн зүг хандуулсан.

Уг асуудалтай холбоотойгоор www.medee.mn сайт, “Ийгл” телевизийн сэтгүүлчид ярилцлага, сурвалжлага бэлтгэн, сурагчид БСШУСЯ-нд өргөдөл гаргаж, харин сургуулийн захиргаа Нийслэлийн цагдаагийн газар өргөдөл гаргаснаар тус сургуулийн тухай асуудал өдгөө нийтийн анхаарлын төвд ороод буй.

Тэгвэл ахлах сургууль төгссөн сурагчид нь уншсан эхийнхээ утгыг ч ойлгодоггүй, хэлбичгийн дүрмийн алдаагүй бичиж чаддаггүй төгсдөг хэмээн мэдээллэсэн тус сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

БСШУСЯ-наас тус сургуулийн сурагчдын гаргасан санал гомдлын дагуу ажлын хэсэг байгуулж, шалгалт хийсэн бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг өчигдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар танилцуулсны дагуу уг шийдвэрийг гаргасан хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа мэдээллээ.

Б.Батсайхан захирлыг хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байгаа бөгөөд багш нар нь охидод бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээллийг Цагдаагийн байгууллага шалгаж, тогтоох аж.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here