-20 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Соёл урлаг Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав…

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав…

266
0
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав...
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав...
Монгол хэлний баялаг үгийн сан албаны мохоо хэлээр солигдож байгаад мэдээж таны санаа зовнидог байх. Яагаад ийм байдалд хүрэв?  

-Монгол хэл сөнөсөн. Монгол хэлийг сурах маш амархан гэж гадаадын нэг хүн хэлсэн байна лээ. Нэг үгэнд гурван гадаад үг байна гэсэн. Ийм л болж. Бид бол малын шар бууцан дээр төрж хөдөө өссөн учраас жинхэнэ эхийнхээ сүүтэй цуг Монгол хэлийг амталсан.

Бидний үед өнөөгийнх шиг дэмий улс төрждөггүй. Байгаа зүйлийг байгаагаар нь хэлдэг байсан. Оросын нэрт шүлэгч хүртэл монгол ээжийн сүүгээр анх амталсан байдаг. Монгол эх хүний сүү гэдэг юугаар ч орлуулшгүй зүйл.

Их мэдэгч хүмүүс гарч ирээд монгол хэлийг социализм нэрээр Ц.Гайтавтай хамт түлхчихсэн юм. Ц.Гайтав тухайн үед намын үзэл суртлын байлдагч байсан. Сэлэнгийн хувьсгалын тухай хэлэхдээ “Хойноос орсон сайхан хураар урсгалаа бялхуулсан Сэлэнгэ мөрөн, Холбоотоос ирсэн өгөөмөр шимээр улсаа хөгжүүлсэн Монгол” орон гэж ханхар далайцтай хэлж байсан. Нам төрийн бодлогыг ингэж тайлбарлаж хэлдэг хүн нэг ч алга. Ц.Гайтав мэргэн цэцэн, мөрөнд нь хүн гарахааргүй, бөхөөр бол дийлдэхгүй тэнхээтэй хүн байсан. Гэтэл төр засаг сайхан хүний сайхан эрмэлзлийг унтраасан. Ардчилсан хувьсгал гарч ирээд бараг хэрэггүй гэж үзсэн шүү дээ. Ц.Гайтав Монгол ардын зүйр үгийг их мэддэг. Хуучны дарга нар загнах газраа загнаад шагнах үедээ шагнадаг мундаг байлаа.Гэтэл одоогийн УИХ-ын гишүүд хүн харахад мундаг юм яриад байгаа юм шиг мөртлөө ойлгогдох юм нэг ч алга. Осолдохгүй л Монгол хэлээр яриад байна. Албаны мохоо хэлээр л ярих юм. Монгол хэлийг жинхэнэ мэддэг хүмүүс чинь зохиолчид байсан. 1940-1960 оны яруу найрагт Б.Явуухулан “Мөнгөн хазаарын чимээ”, 23 настайдаа Л.Түдэв роман бичиж биднийг гайхашруулсан. С.Эрдэнэ их залуудаа “Чулуут голын цуурай” бүтээлээрээ цол хэргэм авч байлаа. Тэр үед зохиолчдыг үнэлдэг байсан.

Монгол хэлээ сэргээх авч үлдэхийн тулд яах ёстой вэ. Залуучууд ном уншихгүй байна гэж шүүмжилдэг?

-Залуучуудад ном унш гэж мянган удаа хэлээд нэмэр алга. Зурагт, радио, хэвлэлээр сайн зохиолуудыг сонордуулж байх хэрэгтэй. Хэрэгтэй, хэрэггүй дуу, шүлэг явуулах юм. Хургыг эхэд нь амлуулна гэхээр манай ач гайхаж байна. Хамар нь адилхан монхойсон юмнуудыг та юугаар нь ялгаад байна гэж асууж байна. Энэ бол Монгол хэлээ мартаж байгаагийн жишээ.  Гэтэл малын шар бууцан дээр тоглож өссөн хүн цаанаа л өөр байдаг. Хөдөө өссөн хүний тархинд байгаль экологио хамгаалах ухаан суучихсан байдаг. Хонь гаргахдаа гэрийн нөгөө талд аваачиж  амийг нь тасалж, төхөөрч дууссаныхаа дараа дууддаг байсан. Гэтэл одоо хонь алах байтугай хүн алахыг зурагтаар орой бүр зааж байна.

Номыг гартаа бариад унших өөр. Гар утасны дэлгэцээс бол зүгээр мэдээлэл авч байна. Бие сэтгэлээрээ мэдэрч унших хэрэгтэй. Түүхээ судалж мэдэх хэрэгтэй. Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” романд амьдралыг бүхлээр нь судалж мэдэж бичсэн.

Монгол хэл мөхөж буй нь боловсролын системтэй холбоотой байна уу?

-Тийм. Монгол хэл бүдгэрээд байгаагийн нэг шалтгаан нь боловсролын системтэй холбоотой. Хэрэгтэй, хэрэггүй баахан их сургууль төгсгөж байна. Заримдаа их мэдэгч  дүртэй юу ч мэддэггүй хүмүүс төгсч байна. Залуучуудыг бүхэлд нь үгүйсгэж байгаа юм биш. Сайн залуучууд бий.

Би “Халуу дүүгсэн галд түлээ шаржигнатал ноцно. Хаваас модны үхэл галын амьсгалаар, хан хорвоод түүнчлэн бид дараах биеийн тулд нөгчиж хаврын ногооны тултал намрын өвс гандана” гэж зүгээр нэг дэмийрч бичээгүй. Хөгшин лам нар үхээд  залгамжлах хүнгүй бол тэр хийд сөнөдөг. Түүн шиг залгаж авах үеэ босгож бойжуулах хэрэгтэй. Одоогийн залуучууд хүний үг даахгүй юм.

Монгол хэлээ аварч үлдэхэд төрийн бодлого дутагдаж байна уу?

-Монгол хэл мөхөх сэхэх нь хүнээс л шалтгаална. Залуучуудыг ном уншдаг хүн болгох хэрэгтэй. Хүн болохын тулд ядаж ямар зохиол уншихаа мэддэг чадварт сургах хэрэгтэй. Ц.Гайтав “Хорлоогийн Чойбалсангийн өмнө нэг дэвтэр нөхөж бичье, Хотол олны өмнө нэрлэсэн зохиолоо сөхөж үзье. Нэг хүнийг шүтэгчийн хуучирсан үзэл цаашаа бай. Нийтийн хүчинд итгэгчийн хурцлагдсан үзүүр наашаа бай” гээд зовлонгуй бичиж байсан. Дамдины Сүхбаатар найраглалаа биччихээд Төрийн шагнал авсан. Залуучуудад ийм хүмүүжил, чадвар хэрэгтэй байна.

Хэчнээн төрийн бодлого байгаад залуучуудын ухамсар чухал. Монгол хэлийг мөхөөх ажлыг бид өөрсдөө хийгээд байна. Урьд нь Соёлын яамны сайд гэж бүхнийг мэддэг хүн байсан. Одоо бол юу ч мэдэхгүй мөртлөө жигтэйхэн сайхан ярьцгаах юм. Сүүлдээ бүр Соёлын яамгүй боллоо. Яам, тамгатай төлөөлдөг газар байсан бол арай өөр байх байсан биз.  Монгол хэлээ аврахад сэтгэл хэрэгтэй. Сэтгэл байхгүй бол ямар ч зүтгэл гарахгүй.

Хуучны зохиолууд худалдаанд ховор байдаг?

-Тухайн үед цөөхөн хэвлэсэн байх. Одоо бидний үеийнхний номыг унших нь битгий хэл хэрэггүй, дэмий зүйл ярьж байна гэж боддог юм биш үү. Өглөө радиогоор гэхэд бидний зохиосон дуу нэг ч нэвтрүүлдэггүй. Ихэнхдээ шүлгэн илтгэл л тавиад байх юм. Хуучны ном зохиолуудыг  сэргээе гэхээр төр мөнгө дэмий үрнэ гэх биз.

Залуу зохиолчдын бүтээлийг сонирхож байна уу?

-Би бараг 40 нас хүртлээ залуу зохиолч гэж цоллуулж явсан. Үүнээс болж гутаагүй. Гэтэл одоо 20 гаруй настай хүнийг залуу зохиолч гэвэл уурлах юм болж байна. Бид сайндаа зохиолч болсон юм биш. Хөдөөний амьдрал мэддэг, шар бууцан дээр өссөний тус. Сүүлийн үед сайн бичиж байгаа хүн тун цөөн байна. Бидний үед онгод, авьяасаар бичиж байсан. Зохиол хүний биш тэнгэрийн гараар бичигддэг. Авьяас төрмөл байдаг.

Хөдөө өссөн, Монгол хэлээ мэддэг хүн цөөрсөн. Хүүхдээ хотод дөрвөн хананы дунд хашчих юм.  Маршал Чойбалсан Ч.Чимэдийг “Ханын толгойд өлгөөстэй байгаа чөдрийг аваад ир” гэсэн чинь, мэдэхгүй байхаар нь Монгол хэлний ангид оруулсан.

-“Болор цом-35” болж өнгөрлөө. Наадмыг чанар, чансааг хүмүүс их шүүмжлэх болж?

-“Болор цом” хотод орших газаргүй болсон учраас хөдөө тэнүүчилж явна. Болор цом гэдэг бохир цом болсон. Шүүгчид нь урьдчилж тохиролцоод будилуулдаг болсон. Нэр олох гэж өгч авалцдаг зүйл нь нууц далд байдаг байлгүй.

Зууны мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here