Нүүр хуудас Соёл урлаг Дарьганга татлагын улсын уралдаан “Шаахан шарга” театрт болно

Дарьганга татлагын улсын уралдаан “Шаахан шарга” театрт болно

211
0
Дарьганга татлагын улсын уралдаан "Шаахан шарга" театрт болно
Дарьгангын нэрт морин хуурч Ш.Сааралын нэрэмжит морин хуурчдын улсын уралдаан энэ сарын 9-11-нд Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт болно. Дарьгангын 10 гаруй татлага байдаг ч өдгөө зургааг нь нэрт морин хуурчийн шавь, Монгол Улсын СТА Л.Цэдэвсүрэн өвлөн үлджээ.

“Морин хуурчдын улсын уралдаан анх удаа манай аймагт болох гэж байна. Томоохон уралдаан учир зохион байгуулагчид болоод оролцогчид ихээхэн ач холбогдол өгч байгаа. Гол зорилго бол Ш.Саарал гэх энэ алдарт хуурчийг алдаршуулах, дарьганга татлагаа өвлөн авч үлдэх явдал юм. Дарьганга татлага маш их онцлогтой. Чигчий болон эрхий хуруу хавсаргаж тоглодог.

Дарьганга татлагыг тоглодог хуурч их цөөхөн байдаг. Мэдэх хүн ч ховор гэж хэлж болно. Тиймээс бид энэ уралдаанд их ач холбогдол өгч, бас их баяртай байгаа…” хэмээн “Жаахан шарга” театрын морин хуурч Б.Тэгшжаргал хэллээ.

Дарьганга ардын дуу, хөгжим аялгууг морин хуураар тоглох уламжлалыг сэргээх, дарьганга татлагыг олонд түгээх, өвлөн уламжлах зорилго бүхий тус уралдаанд морин хуур сонирхогч хүүхэд багачууд, ардын авъяастнууд, мэргэжлийн сургуулийн оюутан, театр, чуулгын хөгжимчид оролцох юм.

Оролцогчид дарьгангын зургаан татлагаас харцага зээрд, ширүүн хар гэсэн хоёр татлагын аль нэгийг нэгдүгээр шатанд тоглох бол хоёрдугаар шатанд нүцгэн цавьдар татлагыг, харин гуравдугаар шатанд бусад татлагаас аль нэгийг сонгон тоглоно.

Дарьганга татлагын анхдугаар уралдааныг аймгийн Болосврол, соёл, урлагийн газар, “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театр, Монгол үндэстний соёлын өвийн төв хамтран зохион байгуулна. Уралдааныг урлаг соёлын нэр алдартай зүтгэлтнүүд, морин хуурчид шүүх аж.

Дарьгангын нэрийн хуудас болсон, алдарт морин хуурч Ш.Саарал хараагүй хүн байжээ. Түүний унаган шавь Л.Цэдэвсүрэн нь дарьгангын зургаан татлагыг төгс эзэмшсэн нэгэн бөгөөд үүгээрээ Монгол Улсын соёлын биет бус өвд бүртгэгдсэн байдаг билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here