Нүүр хуудас Соёл урлаг Соёлын болон байгалийн өв нь урам зоригийн эх сурвалж болно

Соёлын болон байгалийн өв нь урам зоригийн эх сурвалж болно

411
0
Богцон дахь соёлын өв иж бүрдэл

Соёлын болон байгалийн өв нь урам зоригийн эх сурвалж болно. Тодруулбал НҮБ-ын байрны хурлын танхимд “Богцон дахь соёлын өв иж бүрдлийг сайжруулах нь” зөвлөлдөх уулзалт боллоо.

Өнгөрсөн үеэс бидэнд уламжлагдан үлдсэн, одоо бидэнд байгаа, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зүйлийг өв гэж ЮНЕСКО үздэг.

Соёлын болон байгалийн өв нь бидний амьдрал, үлгэр дуурайлал, урам зоригийн аль алинд нь орлуулшгүй эх сурвалж болж байдаг.

Монгол Улс бол нүүдлийн соёл иргэншлийн эртний түүхтэй, соёлын болон байгалийн өвөөр баялаг орон. Гэсэн хэдий ч даяаршил, хотжилтын хурдацтай хөгжилд нийцүүлэн өөрчлөгдөх уламжлалт амьдралын хэв маяг нь Монголын биет, биет бус, хөдлөх болон үл хөдлөх өвд аюул учруулж байна.

Тухайлбал, өвийн ач холбогдол, түүний хувь хүн болон үндэсний онцлогт үзүүлэх нөлөөний талаарх мэдлэг олон нийт, тэр дундаа залуучуудын дунд хомс байна.

ЮНЕСКО болон Монакогийн итгэлцлийн сангийн дэмжлэгээр 2009-2015 онд хэрэгжүүлсэн “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэхтэй тэмцэхэд Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хөтөлбөрийн

“Дэлхийн өв залуу үеийнхний гарт” төслийг Монголын нөхцөлд нийцүүлэн хүүхэд залуучуудад өвийн тухай боловсрол олгох монгол агуулга бүхий “Богцон дахь соёлын өв” иж бүрдлийг багш нарын гарын авлагын хамт интерактив болоод практик хэрэгсэл болгон боловсруулжээ.

Тус иж бүрдэл бүхий төсөл нь 2016 онд Дэлхийн өвд зориулсан соёлын судалгааны хөтөлбөрийн дор Дэлхийн өв-Орхоны хөндийн дурсгалт газрын бүсэд байрлах долоон сургуульд сургалтын хөтөлбөрөөс гадуурх үйл ажиллагааны хэлбэрээр хэрэгжсэн.

Судалгааны үр дүнг үндэслэн Монгол Улсын холбогдох байгууллагууд болон ЮНЕСКО нь амжилттай хэрэгжсэн уг төслийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж байна.

Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь өвийн боловсролыг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, боловсруулсан иж бүрдлийг тохируулан өөрчлөхөд орших юм.

Засгийн газрын өөр өөр салбарын байгууллагууд, судлаачид, иргэний нийгмийн төлөөллийг уг уулзалтад оролцуулснаар салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж болно.

Уулзалтын үеэр практик туршлагыг судлах бөгөөд үйл ажиллагааны санхүүжилтийн боломж, стратегийн түншлэл, удирдлага менежмент, зохицуулалт, хяналт, шинжилгээний асуудлуудыг үнэлэх, туршилтын явцад тулгарсан хүндрэл бэрхшээл, сургамжийг тодорхойлж, хэлэлцэх юм байна.

Уулзалтын гол үр дүн нь иж бүрдлийг боловсронгуй болгох, тэргүүлэх чиглэл, зорилго, үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө боловсруулах, төлөвлөсөн үйл ажиллагаа, зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэргэшсэн багийг бий болгох суурийг тавьж өгөхөд орших юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here