Нүүр хуудас Соёл урлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ичиж, зовох зүйлгүй нийгэмд амьдардаг болоосой

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ичиж, зовох зүйлгүй нийгэмд амьдардаг болоосой

534
0
Миний хамгийн эхний мөрөөдөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ичиж, зовох зүйлгүй нийгэмд амьдардаг болоосой
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ичиж, зовох зүйлгүй нийгэмд амьдардаг болоосой

“…Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Сүхбаатар дүүргийн тусгай 25 дугаар сургуулийн есдүгээр ангид сурдаг жирийн л сурагч. Намайг Бямбацэрэнгийн Энхсайхан гэдэг. Бусад хүүхдүүдээс ялгаатай нь хүний тусламжгүйгээр гадагшаа гарч чаддаггүй тэргэнцэртэй нэгэн. Хэдий тийм ч интернэт дэх гайхамшигт зүйлтэй нөхөрлөж, ном уншиж, хорвоогийн сонин сайхан бүхнийг компьютерийн тусламжтайгаар мэдэж ихэнх цагийг өнгөрүүлдэг. Миний сонирхож, судалдаг гол зүйл минь амьтдын ертөнц, тэр тусмаа дураар халин нисэх шувууд. Шувуудын амьдрал, хүн байгалийн харилцан шүтэлцлийг судалж үзсэнээр хүмүүс бид ямар гайхамшигт амьдрал дунд оршдог, манай оронд хэчнээн гоё шувууд байдаг тухай мэдсэн”

хэмээн хэвлүүхэн ярьж буй энэ хүү “Миний мэдэх шувууд” номыг бичсэн авьяаслаг нэгэн. Бас болоогүй “Миний бодлын ертөнц” хэмээх өгүүллэгийн номоо хэвлүүлж уншигчдад хүргэжээ.

Хүмүүсийн харааг булаасан “Миний мэдэх шувууд” хэмээх гоё ном гаргажээ, баяр хүргэе.

Яагаад ийм ном бичих болов?

-Энэ номыг бичиж, уншигчдын хүртээл болгоход надад маш олон хүн тусалсан. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ц.Батбаатар ах, “Монтис” ХХК-ийн хамт олон гээд олон хүнд би баярлаж явдаг. Номынхоо зураг, чимэглэлийг хийхэд Л.Жаргал, П.Ганхуяг, Б.Отгонбаяр, С.Түвшинтөгс, Д.Батмөнх нарын олон гэрэл зурагчин надад гоё зургуудаа өгч, номыг минь чимэглэсэн. Тус номыг бичих болсон маань их учиртай. Шувуудын тухай сонин хачин түүхийг дэлгэн ярихад энэ талаар найзууд минь мэдээлэл дутмаг болохыг мэдсэн. Тэгээд л найз нарынхаа оюуны болон танин мэдэхүйн мэдлэгийг нь тэлье гэж энэхүү “Миний мэдэх шувууд” номоо бичиж гаргалаа. Хүүхэд, залуус, насанд хүрэгчид гээд бүх насныхан номыг минь сайхнаар хүлээн авч, урам өгсөнд ихэд баярлаж байна. Номд ангир, өвөөлж, хонин тоодог, хар тодол, гангар хун гээд 50 шахам шувууны онцлогийг бичсэн.

-Энэ шувуудаас хамгийн хол нүүдэллэдэг ч юм уу, өвөрмөц онцлогоороо хүмүүсийн сонирхлыг татах ямар шувуу байна вэ?

-Сонирхол татах олон шувуу бий. Тодруулбал, борцгор хотон шувуу гэхэд Монгол Улсын “Улаан ном”-д орсон, дэлхийн хэмжээнд ховордсон шувуу байна. Энэ шувуу нь манай орны Хар-Ус, Ачит, Хяргас, Увс нууруудаар ирж зусдаг дархан цаазат нүүдлийн шувуу юм. Сонирхолтой нь, усны шувуудаас хамгийн томд тооцогддог. Хошуун дээрээ хавтгай үзүүрт дэгээтэй, доод хэсэгт сараалж мэт арьсан ууттай. Жилдээ 2-3 ширхэг өндөг гаргаж, 35-40 хоног дарж дэгдээхий болгодог юм билээ. Дэгдээхий нь эхийнхээ уут руу толгойгоо шургуулан хооллодог. Монголчууд эртнээс хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг байжээ. Мөн эдгээр шувуудаас хамгийн хол нүүдэллэдэг нь хурган цууцаль. Европ, Ази, Африк, Австрали, Хойд туйлын орчимд үржилд орно. Харин Аляскад үржсэн хурган цууцаль огт буулгүйгээр долоо хоногийн хугацаанд нисч Номхон далайг гатлан Австрали болон Шинэ Зеландад хүрдэг. Ингэж амралтгүйгээр удаан хугацаанд нисч нүүдэллэдэг шувуу түүнээс өөр байхгүй. Биеийн урт нь 37-41 см бөгөөд шавж хорхой, зөөлөн биет, ургамлын жимсээр хооллодог. -Тэгвэл энэ шувууд дундаас хамгийн хайртай шувуу чинь юу вэ? -Миний хамгийн хайртай шувуу хар өрөвтас. -Яагаад? -Хар өрөвтас шувуу Монгол Улсын “Улаан ном”-д орсон, нэн ховордож буй шувуу юм. Цагаан өрөвтастай адил боловч биеэр том, хошуу нь хар өнгөтэй. Хавар дөрөвдүгээр сарын сүүлчээр 43-65 мм хэмжээтэй 3-4 ширхэг өндөг гаргаж, 32-38 хоног дарж ангаахай болгодог. Яагаад хайртай вэ гэвэл энэ шувуу мөнхийн хосоороо амьдардаг. Яг хүн шиг насан туршдаа нэг нэгнээ хайрлаж, үгүйлдэг амьтан. Мөн дэгдээхий болон хань ижлээ хамгаалдаг ухаантай шувуу. Ийм болоод л би хамгийн ихээр хайрладаг юм даа.

-Ойрдоо ямар сэдэвтэй зураг зурав?

-Зураг зурах нь миний бас нэг хобби. Гэхдээ би ихэнх тохиолдолд мод зурах дуртай. Монголд ургаж буй сакураг зурах бүр ч сонирхолтой. Цонхоор хараад сууж байхад мод надтай өдөр бүр ярилцах шиг санагддаг юм. Тэгээд мод харангаа хөгжим сонсоход бичих сэдвийн минь санаа сэтгэлд буудаг.                                            -“Ном”, “Шинэ жил”, “Намар”, “Өвөл” зэрэг өгүүллэг дээрээ шинээр нэмж ямар сэдэвтэй зохиол бичсэн бэ? -“Хайрын аялгуу” нэртэй өгүүллэг бичлээ. Мөн хайрын тухай шүлэг бичиж байгаа. Гэхдээ үүнийгээ хараахан дуусгаагүй байна. Дууссан өгүүллэгээ би сургуулийнхаа мэдээллийн ажилтан С.Туяа эгчид өгдөг. Номын санч энэ эгч намайг номд дуртай болгосон юм шүү дээ. Бас бичсэн зүйлийг маань анхлан уншиж, зөвлөдөг хүн. Манай анги нэг давхарт, номын сан хоёр давхарт байдаг. Тиймээс ойрын үед номын санд орж, дуртай номоо уншиж чадахгүй байна. Ер нь тэргэнцэртэй болохоор дээшээ гарахад их хэцүү байдаг. Үнэнийг хэлэхэд, Монголд тэргэнцэртэй хүнд зориулсан зам алга. Энэ нь надад маш хүндрэлтэй санагддаг. Токио зэрэг оронд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд оролцох боломжийг бүх талаар хангаад өгчихсөн байдаг нь надад сайхан санагдсан. -Ангидаа хэдүүлээ сурдаг вэ? -Манай ангид есөн хүүхэд суралцдаг. Анх 18-уулаа байсан. Зарим нь эмчилгээнд яваад ирээгүй байна. Дотнын найз Б.Мөнх-Очирыгоо их үгүйлж байна. Гадаад руу явж биеэ эмчлүүлчихээд ирнэ гээд одоо хүртэл ангидаа ирсэнгүй. Найзыгаа л их санаж байна даа. Манай ангийн багш Ц.Отгонбаяр гэж их сайн хүн бий. Бидэнд тал бүрээр тусалдагт баярладаг.

Найз нартаа хоол хийх, даам тоглохыг заадаг гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?

-Би сургуулийнхаа даамны аварга. /инээв/ Бас найз нартаа нүүдлийг нь зааж өгдөг. Японд хөлөө эмчлүүлэх гэж явахдаа би үндэснийх нь зарим хоолыг хийж сурах завшаан тохиосон юм. Тиймээс би чөлөөт цагаараа найз нартаа япон хоол хийх аргачлалыг зааж, гэртээ төрөл бүрийн хоол хийх сонирхолтой.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?

-Би байгалийн ухааны мэргэжилтэй болохыг хүсдэг. Үүнийхээ дагуу ан амьтан, байгаль орчин гээд олон зүйлийг судалдаг. Ер нь надад хүсэл, мөрөөдөл их бий дээ.

-Мөрөөдлийнхөө зарим нэгээс хуваалцана уу?

-Миний хамгийн эхний мөрөөдөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ичиж, зовох зүйлгүй нийгэмд амьдардаг болоосой гэж бодож байна. Би гадуур ганцаараа тэргэнцэртэйгээ явж үзсэн. Тэгэхэд их хэцүү байлаа. Хүний хараа хяналтгүй ганц ч метр явж чадахгүйгээ ойлгосон. Бүр өөрийгөө хүчлээд, шүдээ зуугаад хотыг ганцаараа тойрч үзсэн. Үнэхээр халширмаар юм билээ. Тиймээс би ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах талаар дуу хоолойгоо хүчтэй илэрхийлдэг хүн болъё гэж бодож байна. /Ийнхүү хэлснээ тэрбээр чимээгүй доошоо харж нэлээд суув. Их ярьсан учраас ядарч дээ гэж би бодов. Гэтэл өмнөөс “Эгчээ та намайг эрүүл болохсон гэж хамгийн түрүүнд мөрөөдөж байна гэж хэлнэ гэж бодсон уу. Тийм биш ээ. Надад эрүүл, саруул болохоос илүү хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бид нийгэмд ичих, зовох зүйлгүй сэтгэл амар амьдардаг болмоор байна шүү дээ гэж найз нөхдийнхөө ирээдүйд санаа зовнингуй хэлсэн нь сэтгэл шимшрүүлэх шиг боллоо. Б.Энхсайхан аав ээж, хоёр хөөрхөн зээ дүүтэйгээ тавуулаа амьдардаг гэсэн. Сурахын төлөө зүтгэж байгаа хүүгээ сургууль руу нь шантрахгүй зөөж, сэтгэл зүтгэлийг нь дэмждэг тэднээр нь бас бахархаж байснаа хэлье. Хэсэгхэн хугацаанд ярилцаад ангид нь саатахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ямар их арчилгаа, хайр энэрэл шаарддаг болохыг мөн анзаарсан. 25 дугаар сургуулийн багш нар Б.Энхсайханы ангийнханд хоолыг нь халбагадан идүүлж, мэдээллийн ажилтан С.Туяа чангаар ном уншиж, тайлбарлаж өгсөөр үлдсэн юм. Харин Б.Энхсайхан гараа даллаж “Баяртай эгч ээ, дахин ирж шувууд болон номын тухай ярилцаарай” гэсээр хоцров.

ТҮҮНИЙ “МИНИЙ БОДЛЫН ЕРТӨНЦ” НОМООС ХҮРГЭЕ

Мод бол миний найз

Мод хэдийгээр амьгүй юм шиг боловч амь амьдралтай. Мод хэдийгээр хөдөлгөөнгүй харагдавч хөдөлж ургадаг. Мод бидний агаар буюу найз билээ. Хүмүүс бидний ногоон ирээдүй бол мод юм шүү. Мод бүгд доогуураа үндсээрээ холбогдсон байдаг.

Далай

Би нэг удаа далай дээр очиход тэнд үнэхээр сайхан байсан. Хүмүүс дэлхийд дөрвөн далай байдаг гэж боддог. Харин би олон далай байдаг гэж төсөөлдөг. Ямар далай байдаг гэж үү. Эрдмийн далай, өвсөн тэнгис, үүлэн далай, цэцэгсийн далай, ургацын далай, хөгжмийн далай зэрэг олон далай байдаг гэж сэтгэж, эдгээр олон далай урсч байгаад баярлаж явдаг.

Миний бодлын ертөнц

Би харанхуйд ганцаараа байв. Гэтэл нэгэн гэрэл гарч би тэр гэрлийн зүг явлаа. Тэгээд цагаан хаалгатай тааралдав. Тэр хаалгыг онгойлгон ортол тэнд бодлын далай урсч байлаа. Бас нэгэн гоёмсог завь намайг чиглээд ирлээ. Би түүн дээр суугаад явахад олон янзын дуучин шувуу, мөрөөдлийн халим, хүслийн эрвээхий, шүлгийн хун бүгд байв. Харин шүлгийн хун далавчаараа намайг тэврэн авахад би шувуу болон хувирч өөртөө итгэлтэй, өөрийнхөө бий болгосон амьдралын зүг тэмүүлэн нисэх болсон.

Гадаа

Хэрэв та олон удаа гадаа гарахдаа хогоор дүүрэн муухай гэж боддог бол харин би уудам цэнхэр тэнгэр, тал хээр нутгийг хардаг. Тэгээд ч би уудам дэлхийг харж байгаа юм шиг санагдаж гадаад ертөнц сайхан бүхнийг харуулах болно гэдэгт итгэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here