Нүүр хуудас Соёл урлаг Хөлийн тавхайгүй төрсөн хүү, загварт цойлжээ

Хөлийн тавхайгүй төрсөн хүү, загварт цойлжээ

570
0
zagwar-omsogch-enhbold-01
Загвар өмсөгч Э.Энхболд

Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөр гялалзан буй, хуруу дарам цөөн эрэгтэй моделиудийн түүчээ бол загвар өмсөгч Э.Энхболд.

Би өнөөдөр тэргэнцэр дээр сууж, суга таягтай явдаг байж болох л байсан…

Миний бие анх эхээс мэндлэхдээ хэвлийн буруу байрлалаас үүдсэн төрөлхийн хөлний гажигтай төрсөн байдаг. Яг ямар гажиг гэхлээр түнхний мултрал болон хөлийн тавхайгүй төрсөн оноштой. Хөлийн тавхайгүй гэдэг нь хөлийн өсгий байхгүй, шагайна буруу байрлалтай, тавхай эргэж дээшээ харсан нэг ёсондоо тавхайн дээшээ харсан хүний 2 гар шиг шулуун хэлбэртэй дугуйрсан хөлтэй төрсөн гэсэн үг. Хэрвээ алтан гарт эмч, ачит ээж минь байгаагүй бол өдийд загварын тайзнаа алхах байтугай 2 хөл дээрээ бүрэн зогсож чадах үгүй нь эргэлзээтэй байх байсан биз ээ. 

Ингээд хорин хэдхэн настай ганц бие залуухан бүсгүй хүүгээ төрүүлээд тэнгэр хол, газар хатуу байх үедээ шүд зуун, нулимс дуслуулан хүүгээ бусдын адил эрүүл саруул хүү болгож хөл дээр нь зогсооно хэмээн өөрөө өөртөө амлалт өгч, мэдэж чадах, очиж хүрэх бүх арга чаргаа хэрэглэн сэтгэл шулуудан явж байх үедээ Гэмтлийн эмнэлгийн ачит Бурахан эмчтэй уулзаж итгэлийн үзүүрээс атгасан байдаг билээ. 

Тухайн үед миний хөлийг эмчлэх арга төдийлөн оновчтой эмчилгээ, мэс засал байгаагүй хэдий ч Бурахан эмч нэгэн зоригтой эмчилгээ санал болгосон нь механикаар эмчлэх буюу шөрмөс сунгах зарчмаар эмчлэх арга юм. Буруу байрлалтай хөлийн шөрмөсийг хүчээр сунгаж зөв хэлбэрт оруулж гипсдэж, хэд хоногийн дараа гипсээ задлан тухайн цэгээс дахин цааш сунгаж гипсдэх зарчмаар хэвийн байдалд нь оруулах эмчилгээг санал болгосон нь өнөөдөр Энхболд Индиго хэмээх хүний зам мөрийг давхар засаж өгсөн баярт үйл явдал болжээ.

Гэхдээ эмчилгээ тийм ч хурдан бас өвдөлтгүйгээр амархан ирээгүй юм. Надтай адил оноштой хэд хэдэн хүүхдүүд тухайн үед байсан ч бүрэн эдгээгүй гэж ээж минь хожим надад хэлж байж билээ. Ингээд ээж хүү 2 төрөөд сар гаруйхантай үеэсээ эмчилгээгээ эхлүүлж 120-оос одоогийн 11-р хорооллын хуучин гэмтлийн эмнэлэг хүртэл ээж минь намайг ганцаараа гурван жил гаран хугацаанд долоон хоног бүр үүрч шантралгүйгээр эмчилгээндээ явдаг бсныг хожим хамаатны ах эгч нар маань ээжээр минь бахархан ярьж өгдөг байлаа.

Хөлийн гипс задлах бүрт дотроос нь есөн шидийн юм гарч ирнэ. Шүдэнзний мод, савх, халбага гээд л чааваас байнга гипстэй байдаг болохоор загатнаж, эрвэгнэж, тэсгэр алдахдаа аминдаа маажиж малтах санаатай хийдэг бсан юм шиг байгаа юм. 

Одоо бодохнээ ээж минь үнэхээр их тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн хаттай, үрээ гэсэн эхийн сэтгэл ямар агуу гэдгийг нотлох шиг. 

Тэр үед би явж чаддаггүй хөдөлгөөн муутай бсан болохоор жин ихтэй том биетэй хүүхэд ээжийгээ яасан их ядраасан бол. Ганц бие бүсгүй өвчтэй хүүхдээ ганцаараа өсгөх яасан хэцүү байсан бол. Хүүгээ өвчиндөө шаналж уйлж, байж ядаж бсныг хараад сэтгэл нь яаж эмтэрч байсан бол гэхчлэн их зүйлийг боддог. Бодох тусам ээжийнхээ ачийг яаж хариулна даа гэх бодол толгойноос гарахгүй эргэлддэг байж билээ. Харин ээж минь хариуд нь миний хүү сайн хүн болж, сайн сайхан явж ээжийнхээ ачийг хариулаарай гэж хэлж байж билээ. Тиймдээ ч би хичээдэг. Бүх гэр бүлүүд бүтэн сайхан амьдраасай гэж хүсдэг…

Ингээд ээж хүү хоёрын эмчилгээ амжилттай дуусаж би 4 нас гарантайдаа хөл дээрээ бүрэн зогсож энгийн хүүхдүүд шиг гүйж харайж өнөөдөр өдий зэрэгтэй явж байгаа нь алтан гарт эмч нар, ачит ээж, эмээ, өвөө, ах, эгч нарийн маань надад бэлэглэсэн бэлэг гэж боддог. 

Яг үүн шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэд амаараа үзгээ барьж, хуруугаараа тэмтрэн ном уншиж, дохиогоор ярьж, тэргэнцэртэй явах гэх мэт аливаа зүйлсийг арай өөр арга барилаар, жоохон өөрөөр л хийдэг болохоос эцсийн дүндээ ялгаагүй л адилхан хийж, бүтээж, хөгжиж чаддаг гэдгийг хэлэх гэсэн юм. Арай өөрөөр хийдэг байлаа гээд ялгаатай гэсэн үг биш тэд үүнийг хүсээгүй…

Ер нь хүний амьдралд юу ч тохиолдож магадгүй. Хэн нэгэн хэзээ ямар өвчин зовлонтой тулгарахыг бид хэлж мэдэхгүй. Гэхдээ хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй байлаа хамаагүй бидний мөн чанар ялгаагүй адил хүн гэдгийг л би хэлэх гэсэн юм.

Би дараах найзуудыгаа бусдаас арай өөрөөр хийдэг, өөрөөр харагддаг гэсэн түүхээ хуваалцаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нийгмийн сөрөг хандлагыг өөрчлөх challenge-ийг үргэлжлүүлээрэй хэмээн дуудаж байна” хэмээн бичжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here