Нүүр хуудас Соёл урлаг Эртний хятад хэл дээр тэмдэглэгдсэн ховор бичээсийг тайлж уншжээ

Эртний хятад хэл дээр тэмдэглэгдсэн ховор бичээсийг тайлж уншжээ

315
0
ханз бичээс тайлав
Эртний хятад хэл дээр тэмдэглэгдсэн ховор бичээсийг тайлж уншжээ.
Чингис хаан дээд сургуулийн зөвлөх багш, түүхч, профессор Б.Балжинням,Чингис хаан”дээд сургуулийн захирал, археологич доктор Х.Лхагвасүрэн нар Хүннү гүрний үеийн эртний ховор бичээсийг тайлж уншсан талаар 8-р сарын 9-ны өдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Эртний Хүннү гүрний үеийн 1928 жилийн өмнөх  ховор түүхэн бичээсийг Монголын эрдэмтэн судлаачид судалжээ. “Чингис хаан” дээд сургуулийн ахмад, дунд, залуу үеийн судлаачид эртний хятад ханз үсэг судлалаар Хятад Улсад нэрд гарсан судлаачдыг урьж хамтран судалгаа хийсэн юм байна. Хоёр орны судлаачид Ононгийн сав Дэлгэрхангай сумын орчимд археологийн судалгаа хийж, чулуун зэвсгийн үе, 40 мянган жилийн өмнөх бууцыг олж илрүүлсэн ажээ.

Түүхч Б.Балжинням “Бид судалгаандаа МЭӨ XII-VIII зууны үеийн бугын дүрст хөшөө бүхий дурсгалын байгууламж, дундад зууны үеийн Орхоны соёлд хамаарагдах хүн дүрст хөшөө зэргийг судалсан. Энэхүү судалгаанд урьд өмнө нь судлагдаагүй хэрэглэгдэхүүнүүдийг хамруулсан. Хятадын эртний ханзыг бичиж, тайлдаг хүн Монголд байхгүй.

Манай улсын хятад судлаач, түүхч эрдэмтэн Ч.Далай багшийгаа амьд сэрүүн байхад нь би  Хүннү гүрний үеийн эртний ховор бичээсийг тайлж уншуулахаар үзүүлэхэд үзээд ”Багш нь үнэндээ тайлж барахгүй юм байна.” гэж хэлж байсан.

1930 орчим жилийн өмнөх бичиг өнөөгийн хятад ханз бичигтэй огт таарахгүй байсан. Иймээс бид олдворын ховор бичээсийг тайлах гэж урт хугацаа зарцуулсан. Энэхүү хугацаанд олон судлаач, багш нартай хамтарч ханзыг судлаад Зүүн Хан Улсын ханз мөн байна гэдгийг нь тогтоосон.

Гэхдээ бид Хятад, Ядон Улсын олон эрдэмтэд рүү ховор бичээсийг илгээж, үзүүлж байсан ч тэд тайлж чадаагүй юм. Харин эртний  хятад ханз бичиг тайлж уншиж чаддаг Өвөрмонголын Их сургуулийн багш, эрдэмтэн  Ж.Чимэддоржид хүсэлт тавьсан. Тэр хүн нэг жил судалж, нягталсны эцэст бичгийг тайлж чадаад байна. Ер нь манай улсын нутаг дэвсгэрээс 2000 жилийн өмнөх Хүннү гүрний үетэй холбоотой хадны бичээс урьд өмнө олдож, илрээгүй байсан. Гэтэл бидний хамтын  судалгаа, эрэл хайгуулын хүчинд олдсон  энэхүү олдвор нь түүхийн шинжлэх ухаанд томоохон нээлт болсон юм.” гэж ярилаа.

Энэ үеэр “Чингис хаан” дээд сургуулийн захирал, археологич доктор Х.Лхагвасүрэн хэлэхдээ “Хүннү гүрэн бол монголчуудын өвөг дээдсийн анхны байгуулсан төрт улс юм. Энэ улс хоорондоо эвдрэлцэж Умард Хүннү, Өмнөд Хүннү гэж салж, тусгаарлаж байжээ.

Энэ ховор бичээсийн гол ач холбогдол нь эвтэй байгаагүйгээсээ болж хоорондоо эвдрэлцэж, нэг орон, нэг үндэстэн хоорондоо дайтаж, нэгнийгээ хороож байсныг бодитой тэмдэглэж үлдээснээр онцлогтой болж байна. Иймээс түүхэн ховор бичээсийг олж, тайлснаар түүхийн шинжлэх ухааны Хүннү судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.” гэж тодотгосон юм.

Өнөөгийн байдлаар дэлхийд Хүннү гүрний үеийн судалгааны талаар зуун жилийн хугацаанд 1,000 гаруй ном бичигджээ. Эдгээр түүхэн анализ номонд зөвхөн түүхийн талаас нь авч үзэхэд гол үйл явдлуудыг л дурдсан байдаг юм байна. Харин түүхэн номонд өгүүлсэн үйл явдлууд нь он тооллын хувьд зөрөөтэй байдаг ажээ.

Өвөрмонголын Их сургуулийн багш, эрдэмтэн Ж.Чимэддорж олдворын бичээсийг тайлсан. Тэр эрдэмтэн эртний хятад ханз бичигт гаршсан хүн. Тэрээр Сычуань мужийн Их сургуулийн докторант Го Жонгун шавиа дуудаж авчраад, хэдэн талаас нь эрдэмтэн, судлаачид нийлж байж энэ бичээсийг тайлсан. Гэхдээ нягтлаж сайн үзсэн. Маш олон толь бичиг харж тулгаж, нягталсны эцэст бичгийг тайлж чадсан. Гурван хуудас эртний бичээсэнд Умард, Өмнөд Хүннү үеийн дайнд хэчнээн цэрэг, хүн оролцсон, ямар жанжингууд удирдсан, ямар үйл явдал болсон тухай дайны тэмдэглэл байгаа юм. Энэ нь эртний хятад хэл дээр тэмдэглэгдсэн ховор бичээс гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here