Нүүр хуудас Соёл урлаг “Монгол сонгодог III” тоглолтын тасалбар 60-100 мянган төгрөгийн үнэтэй

“Монгол сонгодог III” тоглолтын тасалбар 60-100 мянган төгрөгийн үнэтэй

293
0

МУГЖ Г.Ариунбаатарын тоглолтын тасалбар 60-100 мянган төгрөгийн үнэтэй

Монголын сонгодог бүтээлийг дэлхийн түвшинд хүргэж, таниулах үйлст авьяас чадвараа дайчлан зүтгэж яваа Чингис хаан одонт, МУГЖ дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог III” тоглолтоо энэ сарын 10, 11-нд “The Corporate Hotel & Convention centre”-ийн тайзнаа толилуулна.

Тэрбээр анхны бие даасан “Монгол сонгодог” тоглолтоо 2011 онд хийж байсан бол дараагийн тоглолтоо 2015 онд олон түмэндээ өргөн барьсан билээ.

Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, ОХУ-ын Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж буй тэрбээр энэ жил Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардифф хотноо болсон “BBC Cardiff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож,  “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Мюзик” төслийг хэрэгжүүлэгч “Монгол Контент” ХХК, ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театр /ҮУИТ/-ын захирал, УГЗ Г.Цоггэрэл болон ҮУИТ, Монгол Улсын Филармони, “Лемон” студи зэрэг 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран ажиллаж байна.
Тоглолтод “Никитон” хамтлагийн дуучин, МУГЖ Б.Батчулуун болон ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Батчимэг оролцоно.

Дуучин С.Батчимэг нь Ардын жүжигчин Г.Хайдавын нэрэмжит дуурийн дуулаачдын улсын уралдааны II байр, ОХУ-ын Ардын жүжигчин Лхасаран Линховойний нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдааны тэргүүн байр, Сонгодог урлагийн олимп гэгдэх “Байкал” олон улсын уралдааны III байр, Шилдэг дүр шалгаруулах “Учиртай гурван толгой” улсын VII уралдаанд Хоролмаагийн дүрээр тэргүүн байрын эзэн болж байжээ.

Хоёр хэсгээс бүрдэх тоглолтын эхний хэсэгт дуучин Г.Ариунбаатар Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг үзэгчдэдээ толилуулах бол хоёрдугаар хэсэгт дэлхийн нэр хүндтэй томоохон дуурийн театруудад дуулдаг гадаадын алдартай бүтээлүүдээс дан хөгжим болон оркестртэй хамтран дуулах юм.

Тоглолтын тасалбар нь 60, 80, 100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn цахим хуудаснаас захиалж авах эсвэл 1900-1800 дугаарт холбогдон захиалах боломжтой аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here