Нүүр хуудас Соёл урлаг “Хүүхдийн дууны”хэмээн алдаршсан МУГЖ В.Долгор таалал төгслөө

“Хүүхдийн дууны”хэмээн алдаршсан МУГЖ В.Долгор таалал төгслөө

525
0
МУГЖ В.Долгор
“Хүүхдийн дууны”хэмээн алдаршсан МУГЖ В.Долгор таалал төгслөө

“Хүүхдийн дууны Долгор” хэмээн нэрийдсэн МУГЖ В.Долгор гуай 91 насандаа таалал төгсчээ

Монголчууд бидний амьдралд бүтэн нэг жаран дуулагдсаар ирсэн “Маамуу нааш ир” дууг анх дуулж, ард түмэнд хүргэсэн хүн нь МУГЖ В.Долгор юм. Тэрээр “Маамуу нааш ир” дууны 61 жилийн түүхэнд тайзнаа 3000 гаруй удаа дуулсан байдаг.

Буурал уран бүтээлчийн ар гэрийнхэн, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

ВААНЖИЛЫН ДОЛГОР

УДБЭТ-ын “Алтан үе”-ийн ахмад уран бүтээлч, олноо “Хүүхдийн дууны” гэж алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Ваанжилын ДОЛГОР 2018 оны 01дүгээр сарын 04-нд ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.

В.Долгор 1929 онд Архангай аймгийн Хотонт суманд төржээ.
1945 онд Архангай аймагт бүрэн дунд сургууль, 1947 онд Улаанбаатар хотод Урлагийн дунд сургууль төгсөж Улсын төв театрт хуваарилагдаж найрал дуучнаар ажиллаж эхэлснээс хойш 70 жил их урлагийн алтан үеийнхний төлөөлөл болж байлаа.

Тэрээр “Бөмбөгөр ногоон”-оос эхлэн УДБЭТ-т найрал дуучнаар ажиллах хугацаандаа 10 гаруй хөгжимт драмын олны хэсэг, үндэсний болон сонгодог 30 гаруй дуурийн найрал дуунуудыг амжилттай дуулж байсны зэрэгцээ, концертын хөтөлбөрт гоцлол, цөөхүүл дууны бүтээлээр байнга оролцож байв.

Мөн театрын тайзнаа

Б.Дамдинсүрэн, Б.Смирнов “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа,

Б.Дамдинсүрэн “Шарай голын гурван хаан” хөгжимт драмын Цогтаяа хатан,

Хэ-Цин-Чжи “Буурал бүсгүй” хөгжимт драмын зарц бүсгүй Жан-Ир-Сан,

Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Эх,

Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурийн Дулмаа,

Л.Мөрдорж “Хөхөө Намжил” дуурийн Эх хатан зэрэг дүрүүдийг бүтээжээ.

В.Долгор 20 гаруй жил найрал дууны ангийн дарга , хоолой ахлагч, туслах хормейстр, туслах удирдаачаар ажиллаж хамт олноо удирдан, зохион байгуулахад идэвхтэй ажилладаг шилдэг уран бүтээлчдийн нэг байв.

1950-иад оноос хормейстер Д.Лувсаншарав түүнд хүүхдийн дуунуудыг дуулуулахаар өгч анх “Маамуу нааш ир”, “Туулай би”, “Тэгвэл хоёулаа” зэрэг дуунуудыг Монголын радиод бичүүлж эхэлснээс хойш 200 шахам хүүхдийг дууг хүүхдийн хоолойгоор, хүүхэд шиг сэтгэж, түүндээ итгэлтэй дуулж багачууд сонсогчдын дунд нэрд гарч “Маамуу нааш ир-ийн Долгор”, “Хүүхдийн Долгор” гэж олноо алдаршжээ.

1980 аад онд тэр үеийн ЗХУ-ын “Мелодия” дуу бичлэгийн компанид “Маамуу нааш ир” нэртэй хүүхдийн дууны пянз гарч, Монголын радиод хүүхдийн гоцлол, цөөхүүл найрал дууны том фонд хадгалагдаж олны хүртээл болж байдаг юм.
УДБЭТ-аас гавьяаны амралтандаа гарч ахмад уран бүтээлчдийн “Эртний сайхан” чуулгад уран бүтээлээ тасралтгүй үргэлжлүүлж байв.

В.Долгор “Таван өнгийн солонго”, Сурагчийн жил” “Маамуу нааш ир” зэрэг хүүхдүүдэд зориулсан бие даасан 10 гаруй тоглолтуудыг бэлтгэн тоглуулахын зэрэгцээ, мэргэжлийн найрал дуучны хувьд Нийлэлийн 2-р сургуулийн дэргэд хүүхдийн найрал дууны “Алтан хараацай” хамтлаг байгуулан удирдаж, хүүхдийн найрал дууны уралдаан, “Алтан намар” хөгжмийн наадмын шагнал хүртэж байв.

Тэрээр “Маамуу нааш ир” нэртэй хүүхдийн 50 дууны түүвэр эмхтгэж, 2006 онд 15 дуутай ”Маамуу нааш ир” CD гарган, “Өнө мөнхөд дуулагдах Маамуу нааш ир” дурдатгалын номоо хэвлүүлжээ.

Түүний авьяас билэг урлагийн алтан тайзнаа бүтээсэн дүр, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж,

анх 1956 онд, мөн 1976 онд Хөдөлмөрийн хүндэт медаль,

Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль,

АБТА, Соёлын Тэргүүний Ажилтан цол,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,

1985 онд Гавьяат жүжигчин цолоор шагнасан юм.

В.Долгор таны ажилч хичээнгүй нөхөрсөг зан, дундаршгүй авьяас билэг, театрын тайзнаа бүтээсэн дүрүүд, хүүхдийн ертөнцийг гэрэлтүүлсэн уран бүтээлүүд тань бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн орших болно.

Монгол Улсын БСШУЯ,
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар,
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр Бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар,
УДБЭТ
МУАХ
Соёлын Төв Өргөө
Ахмад уран бүтээлчдийн “Эртний сайхан чуулга”
Дотны нөхөд үр хүүхдүүд.

2018-01-05 Ум сайн амгалан болог.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here