Нүүр хуудас Соёл урлаг “Кармен” дуурь тоглогдоно

“Кармен” дуурь тоглогдоно

840
0
Кармен дуурь

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулсан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид  ирэх амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд “Кармен” дуурийг тоглохоор болжээ.

Францын хөгжмийн зохиолч Жорж Бизе Меримегийн “Кармен хүүхэн” зохиолоор энэхүү дуурь гарсан даруй алдаршжээ. Тэртээ 1875 оны гуравдугаар сард Францын театрт анх тавигдахдаа богино хугацаанд алдартай бүтээлийн нэг болжээ.

Жорж Бизегийн бүтээсэн “Кармен” дуурь бол дэлхийн сонгодог театруудын тайзан дээр хамгаас их тавигдсан бүтээлүүдийн нэг бөгөөд Францын үе үеийн хамгийн шилдэг дуурь болон түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Мөн эрх чөлөөтэй, бие даасан эмэгтэй хүний тухай гайхамшигт домогийг илэрхийлсэн бүтээлүүдийн нэг юм. Театруудын түүхээс харахад ‘Гэрлийн хурдаар’ алдаршсан жүжиг ховор аж. Анхны тоглолт нь тухайн үеийнхээ нэртэй шүүмжлэгчдээс хатуухан үг сонсож бүтэлгүйтэж байсан хэдий ч гуравхан сарын дараа дэлхий даяар алдаршиж эхэлсэн байна.

‘Кармен’-ыг Францын театрт анх тавьснаас нь тавхан сарын дараа бага зэрэг засварлан Венийн театрт тавьснаар дэлхийд алдарших зам нь нээгдсэн. Гэхдээ Жорж Бизе энэ жүжгээ хэрхэн алдар хүндийн оргилд хүрч буйг харж чадаагүй. Түүнийг нас барснаас хойш гуравхан сарын дараа ‘Кармен’ дуурь дэлхийн театруудын тайзыг байлдан дагуулж эхэлсэн гэдэг юм.

1880 он гэхэд ‘Кармен’ дэлхийн шилдэг дууриудын нэг болж, театруудын урын санд жинтэй байр эзлэх болжээ. Маш хурдан хугацаанд алдрын оргилд хүрсэн энэ дуурь 1876 оны хоёрдугаар сард Брюссельд, үүнээс хоёр жилийн дараа Петербург, Стокгольм, Дублин, Лондон, Нью-Йоркийн театруудад гэсэн дарааллаар томоохон театруудын тайзнаа амжилттай тоглогдож, 1883 онд дахин Парисын театрт тоглогдож, дэлхийг тойрсоор дуурийн 500 дахь тоглолт болсон түүхтэй. Харин 1000 дахь тоглолт нь 1904 онд болж байсан байна. Ингэж Ж.Бизегийн ‘Кармен’ дуурь нь эрин зууныхаа хөгжмийн урлагийг араасаа дагуулан, дуурийн стандартыг тогтоож байв. Меццо-сопрано хоолойтой дуучинд зориулагдан бичигдсэн, гол дүр “Кармен”-д үе үеийн хамгийн нэртэй сопрано хоолойтнууд дуулсаар ирсэн.

Ийнхүү Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэхүү алдарт дуурийг эмэгтэйчүүдийн олон улсын баярт зориулан хоёр удаа тоглохоор болсон байна.

ЖОРЖ БИЗЕ “КАРМЕН” ДУУРЬ: (2018.03.10-11, 17.00)

03.10 – Карменд Гавьяат жүжигчин Р.Доржхорол, дурлалт залуу Хозегийн дүрд Д.Эрдэнэ-Очир
03.11 – Карменд М.Дариймаа, дурлалт залуу Хозегийн дүрд Б.Батжаргал

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here