Нүүр хуудас Спорт Оросын баг тамирчид Пёнчаны өвлийн олимпыг орхих уу

Оросын баг тамирчид Пёнчаны өвлийн олимпыг орхих уу

126
0

Спортын түүхийн ололт, амжилт болгон ОХУ-тай хамааралтай байдаг. Тиймдээ ч дэлхийн хэмжээний томоохон спортын наадмуудад ОХУ-ын тамирчдын нэр тэргүүн эгнээнд бичигддэг. Харин энэ удаад Пёнчаны өвлийн олимпод Оросын тамирчид оролцохгүй болжээ.

Учир нь Олон улсын олимпын хорооноос ОХУ-ын баг тамирчдын тус олимпод оролцох эрхийг хассан байна. Шалтгааныг нь нэхвэл, ОХУ-ын Сочи хотноо болсон 2014 оны өвлийн олимпод оролцсон тамирчдаас допинг илэрч, өнөөг хүртэл мөрдлөг явуулж буй гэх дуулиан ийм нөхцөл байдалд хүргэж байна хэмээн ВВС агентлаг мэдээлжээ.

Гэсэн ч ОХУ-ын баг тамирчид БНСУ-д болох Пёнчаны өвлийн олимпод оролцоно гэсэн хүлээлттэйгээр төрийн далбаагаа ч хүртэл авч явахад бэлдчихсэн хүлээж суугаа аж. Дээрх шийдвэр гарсны дараахан ОХУ-ын томоохон улс төрчид тамирчдаа явуулахгүйгээр бойкотлох хэрэгтэй гэдэг саналыг гаргасан бөгөөд нэг хэсэг нь тамирчдад боломж олгох хэрэгтэй гэсэн санал гаргаж эхлэв.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах болон Швейцарын ерөнхийлөгч асан Самуэль Шмид тэргүүтэй допингийн асуудлаар 17 сарын мөрдөн байцаалт хийсэн талаарх дүгнэлт, зөвлөмжийг уншсаны дараа уг шийдвэрийг гаргаж буйгаа зарласан юм.

Мөн “Сочи-2014” олимпийн үеэр ОХУ-ын допингийн эсрэг агентлагийн даргаар ажиллаж байсан Григорий Родченков “Дотооддоо болсон томоохон тэмцээнүүдэд багийн дүнгээр тэргүүлэхийн тулд төрийн санхүүжилтээр “допингийн хөтөлбөр” хэрэгжүүлж, тамирчдын сэргээшийн эсрэг шинжилгээний хариуг будилуулсан” хэмээн мэдэгдэж байсан нь дээрх мөрдөн байцаалтын дүгнэлтэд багтсан байсныг уншиж танилцуулжээ.

Түүнчлэн Т.Бах хэлэхдээ “Энэ бол Олимпын наадам, спортын түүхэнд шударга ёсны эсрэг зогссон том асуудал. Тиймээс ч допингийн эсрэг илүү үр дүнтэй системээр ажиллах ёстой, үүнд ч түлхэц болсон шийдвэр” гэсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ асуудлаар одоогоор байр сууриа илэрхийлээгүй ч тус улсын хэвлэлүүдээр “ОХУ-ын тамирчид Пёнчаны наадам руу тамирчдаа илгээхгүйгээр бойкотлох хэрэгтэй” гэх утга бүхий мэдээллүүд явж эхлэв. Учир нь БНСУ-ын хувьд ОХУ-ын тамирчид тус өвлийн олимпод оролцохгүй байх нь маш том эрсдэл хэмээн үзэж байгаа бололтой. ОХУ-ын баг тамирчид олимпын наадамд өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог учир эдийн засгийн талаасаа болоод наадмын нэр хүндэд ч төдийлөн сайн үр дүн авчрахгүй хэмээжээ.

Олон улсын олимпын хорооны уг шийдвэрийн дараа Оросын баг тамирчдыг эх орныхоо нэр дор бус тус хорооны нэр дор өвлийн олимпод оролцох эрх нээлттэй хэмээн үзэж, ОХУ-ын талаас уг шийдвэрийг хүлээн авахгүйгээ мэдэгдсэн юм. Нөгөөтэйгүүр ОХУ-ын эсрэг Европын холбооноос хэд хэдэн удаа хориг тавьж байсантай ОУОХ-ны шийдвэрийг холбон тайлбарлаж, шахалт үзүүлж байна хэмээн тус улсын хэвлэлүүд бичиж эхэлсэн байна.

эх сурвалж: мэдээ.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here