Ажлын туршлагагүй боловсон хүчин МОДА-нд орж байна. Энэ үгийг та гайхаж магадгүй юм. Монголын зах зээлд, ажил олгогчид ажлын туршлагатай ажилтанг сонгох нь илүүтэй байдаг.
Харин дэлхийн шилдэг томоохон компаниудын хүний нөөцийн бодлого үүний эсрэг чиглэж байна. Тухайн хүнээс олон жилийн туршлагаас илүүтэй ухаалаг зан чанар, аливаад хурдан суралцах ур чадварыг илүүд үзэх болжээ. Энэ талаархи сонирхолтой мэдээллийг танд хүргье.
Судалгаанаас харахад, дэлхий даяар ажил олгогчдын гуравны хоёр нь туршлагатай боловсон хүчин хайдаг бол үлдсэн нь туршлагагүй боловсон хүчнийг илүүд үзэх болжээ. Туршлагагүй боловсон хүчнийг ажилд авах хандлага цаашид ч нэмэгдэх болно гэдгийг шинжээчид хэлж байна.
Шинжээчдийн дүгнэлтээр, 2025 он гэхэд дөрвөн ажилтан тутмын гурав нь миллениал төрөлд хамаарна гэв. Өөрөөр хэлбэл, дөрвөн ажилтан тутмын гурав нь 1981-2000 оны залуучууд байх аж. Энэ үед төрсөн залуучууд өнөөдөр ажиллах хүчний ихэнх хувийг бүрдүүлж байна. Тэд тун удахгүй удирдах албан тушаалтнуудын ихэнх хувийг бүрдүүлэх болно гэж шинжээчид дүгнэжээ. Мөн тэдний бизнесийн ертөнцөд салбартаа хэчнээн олон жил ажилласан туршлага нь чухал биш байх болно гэдгийг удирдлагын салбарын алдартай судлаач Жош Берсин хэлжээ.
Тэрбээр энэ тухай ярихдаа “…Ур чадвар болон их, дээд сургуулийн мэдлэг өнөөдөр хуучирч байна. Аливаад хурдан дасан зохицох, юмыг хурдан сурах ур чадвар өнөөдөр үнэлэгдэх боллоо. “Ногоон” хэмээн нэрлэгдэж буй эрин үеийн залуучууд мэргэжлийн туршлагаас татгалзаж эхэлж байна” гэв.
ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ КОМПАНИЙН ШААРДЛАГА ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА ВЭ?
Google, Apple, IBM зэрэг технологийн салбарт тэргүүлэх компани, олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани Ernst & Young болон кофены салбарт тэргүүлэгч Starbucks зэрэг компани тухайн хүнийг ажилд шалгаруулж авахдаа дээд боловсролын диплом шаарддаггүй гэнэ. Тэд ажил горилогчдын туршлагыг нь харгалзан үздэг ажээ. Гэхдээ энэ бол заавал байх ёстой шаардлага биш. Хамгийн гол нь ажил горилогчид тухайн албан тушаалд тохирно гэдгээ батлан харуулах ёстой аж.
Харин Nestle компанийн хувьд ажил, мэргэжлийн туршлагагүй залууст зориулан зөвлөгөө гаргажээ. Тухайн зөвлөгөөнөөс ажиглахад, ажил горилогчид тухайн албан тушаалд тохирно гэдгээ батлан харуулахаас гадна, тэрхүү ур чадвараа өмнө нь ажил хэргийн ямар нөхцөл байдалд харуулж байсан талаар тайлагнах ёстой гэнэ.
Техник, технологи хурдацтай хөгжиж буй эрин үед залуучууд ямар нэгэн тодорхой ажлын ур чадварыг эзэмшсэн байдал нь хангалтгүй болж байна. Учир нь, орчин үеийн ажил олгогчид ажил горилогчдыг ярилцлагын түвшинд нь хэн болохыг нь тодорхойлж, хурдацтай хөгжиж буй эрэн үед дасан зохицох чадвар, аливаад хурдан суралцах ур чадварт нь дүгнэлт өгдөг болсон гэнэ.
Үүнээс гадна, зарим компаниуд ажил горилогчдын IQ шалгах тохиолдол ч бий. Ингэхдээ тэд тухайн хүн хүнд нөхцөл байдлыг хэрхэн даван туулж чадах, аливаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг нь шалгадаг юм байна. Гэхдээ ажил горилогчид энэ даалгаврыг заавал зөв биелүүлэх шаардлагагүй гэнэ. Тэд тухайн асуудалд бүтээлч шийдлийг санал болгох нь чухал ажээ. Энэ бол ирээдүйн боловсон хүчинд тавигдах хамгийн гол чухал чадвар байх болно гэж шинжээчид хэлжээ.
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРҮҮДИЙН ШИНЭ ДҮРЭМ
XXI зууны ажил горилогчдод ямар шаардлага тавих ёстой вэ? Үүнд юу хамрагдах вэ? гэвэл Soft Skills хэмээх орчин үеийн ур чадварыг гурван хэсэгт хувааж болно.
Нэгт, тухайн ажил горилогч нь уншиж, бичиж чаддаг байхаас гадна шинжлэх ухааны төрөл бүрийн өгүүллийг ойлгодог байх, санхүүгийн боловсролтой байх мөн тал талын өргөн цар хүрээг хамарсан мэдлэгтэй байх
Хоёрт, нийгэмших: Аливаа асуудлыг зөв шүүмжлэх чадвартай байх, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, нийтэч, багаар ажиллах ур чадвартай байх
Гуравт, орчин үеийн бизнесийн ертөнцөд тавигдах хувийн зан чанар. Тухайлбал, сониуч, санаачлагатай, нягт нямбай, дасан зохицох чадвар, манлайлагч, нийгэмшсэн байх ёстой ажээ.
Эх сурвалж: FORBES