Нүүр хуудас Танд тустай Харзны усанд шумбах нь САЙН VS МУУ

Харзны усанд шумбах нь САЙН VS МУУ

508
0
harznii-usand-shumbah
Нярай болон бага насны хүүхдийг харзны усанд оруулахыг эрс хориглох хэрэгтэй

Сүүлийн жилүүдэд “Харзны усанд орох сайн” гэсэн ам дамжсан яриагаар сонирхсон хүн бүр мөс хагалан, өвлийн хүйтэнд усанд орох болсон. Энэ нь эмгүйгээр биеэ эмчлэх уламжлалт арга хэмээн үзэх нэгэн байгаа ч, харзны усанд орох нь хүний биед сөрөг нөлөөтэй хэмээх нь ч бий.

Тиймээс шинжлэх ухаан талаасаа харзны усанд орох нь хэр зөв болох талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, судлал клиникийн их эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Батцэнгэлтэй ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд иргэд харзны усанд орох нь элбэг болсон. Энэ нь хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?

-Харзны ус гэдэг нь хасах 20-иос дээш градустай хүйтэн ус. Байгалийн чанарын хувьд ариусгах, угаах, сэргээх, энерги эрчим хүч авах үйлчилгээний тал дээр сайн. Гэхдээ өвлийн улиралд буюу гадаа хасах 20 ба түүнээс дээш хэмтэй байхад харзны усанд орно гэдэг буруу.

Хүний биеийн ердийн дулаан 37 хэм байдаг. Ийм өндөр халуунтай хүний бие гэнэт хүйтэн усанд орсноор мэдрэлд хурц цочрол үүснэ. Үүнээс гадна бүх судас агшиж, цусны урсгал хэсэгхэн хугацаанд зогсонги байдалд ордог.

Уснаас гарч, дулаан хувцсаа өмссөний дараа агшсан судас буцаж тэлэхдээ цус бүлэгнэдэг. Ингэж цус бүлэгнэснээр цус харвах, зүрх, судасны гэмтэл үүсэх, хүндрэл өгөх, цаашлаад гэнэт нас барах зэрэг сөрөг талтай. Үүнээс гадна архаг хууч өвчин сэдрэх тохиолдол элбэг байдаг. Тиймээс зүрх судасны өвчтэй, цусны даралт ихэсдэг, цус өтгөрөлттэй хүн хүйтэн усанд гэнэт ороход аюултай. Тэр дундаа эрэгтэй хүн цусны өтгөрөлт ихтэй байдаг. Энэ төрлийн зүрх судасны, амьсгалын замын архаг хууч өвчтэй, 40-өөс дээш насныхан харзны усанд орох хэрэггүй. Ерөнхийдөө орохгүй байх нь дээр. Учир нь, гэнэтийн цочролоос үүдэн эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултайг үгүйсгэхгүй. Ер нь ам дамжсан, шинжлэх ухааны үндэслэлгүй энэ мэт буруу зүйл хийж, эрүүл мэндээ хохироох хэрэггүй л гэж хэлмээр байна.

Хүмүүс нярай болон бага насны хүүхдийг харзны усанд оруулж байна. Энэ зөв үү?

-Буруу. Нярай болон бага насны хүүхдийг харзны усанд оруулахыг эрс хориглох хэрэгтэй. Ялангуяа хүйтэн агаарын хэмд амьсгалын замын өвчин сэдрэх, амьсгалын замын өвчнөөр цочмог өвчлөх эрсдэлтэй. Дээрээс нь хүний дархлааны тогтолцоог маш хүчтэй цочроож, дарангуйлах эсрэг үйлчилгээг үзүүлдэг.

Тархины цусан хангамжийн эмгэгтэй, энэ төрлийн асуудалтай хүүхдийг гэнэт хүйтэн усанд дүрэх нь аюултай байдалд хүргэдэг. Энэ тухайн нярай болон бага насны хүүхдэд маш их эрсдэл дагуулна. Тиймээс бага насны хүүхдийг харзны усанд оруулах аюултай.

~Харзны усанд шумбах нь САЙН VS МУУ~

-Шинжлэх ухаан эсвэл уламжлалт эмчилгээнд харзны усаар ч юм уу, хүйтэн усаар эмчилдэг эмчилгээ байдаг уу?

-Хүйтний харшилтай хүнд бүлээн уснаас эхлээд хэмийг нь бууруулах хүйтэн температурт дасгаж эмчлэх эмчилгээний арга бий. Энэ нь уламжлалт эмчилгээнд биеийн жин хасах зорилгоор хүйтэн усаар цутгуулах үйлчилгээ байдаг. Түүнээс биш шинжлэх ухаанаар нотолсон харзных шиг огцом хүйтэн усанд эмчлэх арга байхгүй.

-Иргэд амралт, сувиллын газарт хүйтэн рашаанд ордог. Энэ нь харзны унаас ялгаатай юу?

-Иргэд, ялангуяа өндөр настай хүмүүс амралт, сувиллын газарт эмчилгээ сувилгаа авахдаа хүйтэн рашаанд орох тохиолдол бий. Энэ нь тухайн хүний биеийн онцлог, эмчилгээ, үйлчилгээ, өвчний төрөл зүйлээс хамаарч өөр өөр байна. Түүнээс хүн бүр хүйтэн рашаанд орно гэсэн үг биш. Хүйтэн рашаанд зуны цагаар, гадаад орчны дулаан хэмд орох нь зүйтэй.

-Харзны усанд орсноор хатгалгаа тусах тохиолдол хэр элбэг байдаг вэ?

-Харзны усанд өвлийн хүйтэнд орж байгаа болохоор эрсдэлтэй. Хатгаа авах тохиолдол их байна. Зөвхөн харзны ус гэлтгүй жилийн дөрвөн улиралд даарч хөрөх, хүйтэн бороонд норох үед амьсгалын замын өвчнөөр өвчлөх тохиолдол элбэг. Ихэнх тохиолдолд зуны цагт халууцаж байгаад хүйтэн бороонд цохиулж өндөр халуурах шинж нэлээд ажиглагддаг. Энэ нь уушгины үрэвсэл үүсэх шалтгаан болдог.

-Энэ өвөл харьцангуй дулаан, цас багатай жил болж байна. Энэ нь ханиад, томууны өвчлөлд нөлөөлж байна уу?

-Энэ жил ханиад, томууны өвчлөл бусад жилийнхээс ихэссэн ч юм уу, багассан зүйл ажиглагдахгүй байна. Жил болгоны XI-IV сарын хооронд улирлын чанартай томуугийн үе эхэлдэг. Энэ тохиолдолд сэрүүн уур амьсгалтай холбоотойгоор амьсгалын замын халвар үүсгэгч томуу болон томуу төст өвчний халдвар бага насны хүүхдүүдэд тусах нь өндөр.

Гэхдээ сүүлийн үед томуугийн өвчлөл багасч байгаа нь харагдаж байна. Хүн жилд 4-6 удаа амьсгалын замын цочмог буюу томуу, томуу төст өвчин тусахыг хэвийн гэж үздэг. Харин өндөр настай хүн, бага насны хүүхдэд хүнд тусах, дээр нь өвчин нь хүндрэх магадлал их. Тиймээс жилдээ нэг удаа X-XI сарын орчим улирлын шинжтэй томуугийн вакцин хийлгэвэл хамгаалах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

-Жилд нэг удаа хийдэг томуугийн вакцины талаар тодохой мэдээлэл өгнө үү?

-Манай улс Дэлхийн томуугийн үндэсний төвийн гишүүн орон. Энэ байгууллагаас жил бүрийн X-XI сард дэлхий даяар томуугийн ямар вирус тархаж байна гэдгээс хамаарч вирусийн овгоор нь вакцин хийдэг. Энэ вакциныг жил бүр манай улсад оруулж ирдэг. Үүнийг улсын хэмжээний чухал үүрэг бүхий байгууллага тухайлбал, эрүүл мэндийн ажилтнууд, онцгой байдлын алба хаагч, цэрэг, цагдаагийн үүрэг гүйцэтгэгчдийг вакцинжуулалтад хамруулдаг. Бага насны буюу таваас доош насны хүүхдүүдэд, 65-аас дээш насны хөгшид томуугаар өвчилж хүндрэх нь элбэг байдаг учир томуугийн вакцин хийлгэх нь зүйтэй. Түүнээс гадна амьсгалын замын болон зүрх судасны архаг хууч өвчтэй, дархлаагүй болсон хүмүүс томуугийн вакцин хийлгэх нь чухал. Энэ вакцин нь 70-90 хувь томуу, болон томуу төст өвчнөөс хамгаалдаг.

Томуу, томуу төст өвчин бүрэн эдгээгүйгээс сүрьеэгийн өвчлөл ихэсдэг. Сүрьеэгийн өвчлөл хэр байна вэ?

-Сүүлийн үед нийгэм, эдийн засгийн нөхцөл хүндэрч байна. Энэ нь аль ч салбарт сөрөг нөлөө үзүүлж байгааг хэн хүнгүй мэднэ. Иргэдийн худалдан авах чадвар, амьжиргааны төвшин муудаж байна. Энэ хэрээр хоол хүнсний хангамж муудаж, нэг хүний өдөрт авах илчлэг, уураг, өөх тос, амин дэмийн хэмжээ багассан гэсэн мэдээлэл бий. Энэ нь тухайн хүн нас, биеийнхээ онцлогт тохирсон илчлэг, уураг, өөх тос, амин дэмийг авч чадахгүй байна гэсэн үг. Үүнээс үүдэн нийгмийн халдварт өвчин гэгддэг сүрьеэгийн өвчлөл ихэсч байна. Амьсгалын замын халдварт өвчин мөн л ихсэх болсон. Энэ нь хоол тэжээлийн хомсдол, доройтол нь хүний дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлж, дархлаа сулрах, амьсгалын замын өвчлөл ихсэх хүчин зүйл нь болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here