Нүүр хуудас Улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ-2017 оны 6 сарын 26-нд болно.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ-2017 оны 6 сарын 26-нд болно.

651
0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа 6 сарын 6-аас эхлүүлэх хуулийн заалттай. Сонгуулийн тухай хуульд зааснаар сурталчилгаа 18 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд нэр дэвшигчид 21 аймагтаа хүрч ажиллаж чадах уу гэдэг асуудал хөндөгдөж эхэлж байна. УИХ-ын зарим гишүүний хэлж байгаагар нэр дэвшигчид бүх аймагтаа хүрч очиж, сурталчилгаагаа хийхийн тулд  нисдэг тэрэг хөлөглөхөөс аргагүй болох үе тулгарч болзошгүй аж.

Уг нь бүхий л аймагт хүрч очих боломжоор хангахын тулд сурталчилгааны хоногийг ядаж 20 болгож, хугацааг нь сунгая гэсэн асуудлыг ярьж байсан ч зардлыг өсгөх талтай хэмээн үзсэнээр Сонгуулийн тухай хуульд заасан хоногоо баримталжээ  Сонгуулийн ерөнхий хороо 5 сарын 27- нд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж өгсөн. Нэр дэвшигчид нэг өдөр  6 сарын 6-аас сурталчилгаагаа эхлүүлж 6 сарын 24-ний 00.00 цагаар зогсоох ёстой.  Хэрэв хуульд заасан хугацаанаас өмнө сурталчилгаа эхлүүлбэл хууль зөрчиж, эргэн татагдах үндэслэл болох юм.  Мөн нэр дэвшигч нь мөнгө эд зүйл тараах, бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, шашны холбогдолтой эд зүйл тараах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан чансаа тогтоох аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, хишиг, хувь хувьцаа тараах, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг бүхий л үйл ажиллагаа хориотой.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас хуульд заасан хугацаанд тогтоож, мэдээлсэн. Үүнд нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр, намаас зарцуулах зардлын дээд хэмжээг 6.9 тэрбум төгрөгөөр тогтоосон юм. Нэг нэр дэвшигчийн нийт зардал 10.8 тэрбум төгрөгөөс хэтрэх ёсгүй .

-Мөнгөн хандивын хэмжээ нь иргэний хувьд 3 сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 15 сая төгрөг хүртэл байхаар хуульчилжээ. Ингэхдээ нэр дэвшигч болон намд иргэн, хуулийн этгээд нэг удаа л хандив өгч болно. Иргэний хувьд бэлэн мөнгөөр хандив өгч болно. Харин хуулийн этгээдийг бэлэн мөнгөөр хандив өгөхийг хуулиар хориглосон. Хуулийн этгээд нь хандиваа дансаар дамжуулж өгөх ба уг хандивыг санхүү, татварын тайланд тусгах үүрэг хүлээж байна.

-Мөнгөн бус хандивт үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зэрэг зүйлүүд хамаарна. Мөнгөн бус хандивыг зөвхөн нэр дэвшигчид өгнө. Хугацааны хувьд сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс дуусах хүртэл байх юм.

-Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 22 аймаг 339 сум, дүүрэгт нийт 1983 сонгуулийн хэсэг байгуулагдан,  ажилдаа хэдийнэ оржээ.

-Мөн сум, дүүрэг болон иргэдийн хурлын тогтоолоор зурагт хуудаст байршуулах 23500 орчим газрыг тогтоожээ.

-Зурагт самбар нь бичгийн А3 цаасны хэмжээнээс илүү хэмжээтэй байх бөгөөд томсгосон хэмжээнд хязгаарлалт тавихгүй. Зурагт самбарыг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар үнэ төлбөргүйгээр байрлуулна.

-Бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, түүний орон зайг сонгуулийн сурталчилгааны зурагт самбарын зориулалтаар ашиглахгүй. Гудамж талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудсыг хууль бусаар устгах, бохирдуулахыг хориглоно.                -Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудаас 7374 иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэн, саналаа салбар комисстоо хүргүүлсэн байна.

-Гадаад дахь монголчуудын саналыг авахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан аж. Хамгийн олон буюу 1629 иргэн БНСУ-ын Сөүл дэх Элчин сайдын яаманд, 1011 иргэн АНУ-ын Вашингтон дахь Элчин сайдын яаманд тус тус бүртгэгджээ. Саналыг нь ирэх зургадугаар сарын 10-11-ний өдөр авна.

-Сонгуулийн тухай хуульд зааснаар ирэх зургадугаар сарын 1-нд сонгогчдын нэрсийн жагсаалтыг аймаг, дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой. Энэ ажлыг Сонгуулийн ерөнхий хороо Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран зохион байгуулах юм.

2017 оны зургадугаар сарын 12-оос эхлэн сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм

2017.05.27 -Нэр дэвшигчийн үнэмлэх олгоно

2017.06.01- Сонгогчдын нэрсийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ

2017.06.12 -Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно

2017.06.06-25 -Сонгуулийн сурталчилгаа үргэлжилнэ

2017.06.10-11-  Гадаад улсад байгаа сонгогчдын санал авна

2017.06.26-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг орон даяар зохион байгуулна.

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here