Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгч цэргийн байгууллагын…

Ерөнхийлөгч цэргийн байгууллагын…

310
0
Ерөнхийлөгч цэргийн байгууллагын...
Ерөнхийлөгч цэргийн байгууллагын...
Ерөнхийлөгч цэргийн байгууллагын удирдах ажилтнуудад илгээлт хүргүүллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн үргэлжилж байна. Сургалт, зөвлөгөөнд оролцож буй цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлснийг бүрэн эхээр нь толилуулж баaйна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах албан тушаалтны сургалт, зөвлөгөөнд оролцогчдод

 Монгол Улсынхаа ард иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахин хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх хүндтэй үүргийг хүлээсэн монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн удирдах бүрэлдэхүүн, нийт алба хаагчид Та бүхний энэ өдрийн амрыг эрье.

Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн тухай хуулиудыг шинэчлэн баталж, амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр хуулиар цагдаагийн байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, үйл ажиллагааг мэргэжлийн, шуурхай, чадварлаг түвшинд зохион байгуулах, ард иргэдээс цагдаад тавих хяналт, хамтын ажиллагааг сайжруулж, алба хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгааг хангах эрх зүйн үндсийг шинэ түвшинд гарган хуульчилж өгснөөрөө онцлог юм.

Төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хууль дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн, хараат бус, нээлттэй, ил тод, улс төрөөс ангид, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг мөрдлөг болгож чадсан үйлдэл бүр Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд оруулах онцгой хувь нэмэр байх болно. Монголын ард түмний хууль, шударга ёсны тогтолцоонд итгэх итгэл нь Та бүхний эх орноо гэсэн сэтгэл зүтгэл, мэдлэг чадвар, хууль зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байх ёс зүй хандлагаас тань шууд хамааралтай гэдгийг онцлон хэлье.

Өнөөдөр нийгэмд шударга ёс алдагдаж, хуулийн засаглал хүчгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ гажуудлыг засаж залруулах, шударга ёсыг сахиулахад монгол төрийн төлөө тангараг өргөсөн цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн тулах  тулгуур, найдах гол хүчин байх ёстой.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхан маань мэргэжлийн ур чадвар, сахилга бат, ёс зүй, хариуцлагаа цаг ямагт дээшлүүлэн, энхийн манаанд үүргээ нэр төртэй биелүүлнэ гэж найдаж байна. Та бүхний хүндтэй бөгөөд амаргүй үйлсэд тань их амжилтыг хүсэн ерөөе.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here