Нүүр хуудас Улс төр Ж.Мөнхбат: Манайд телевизүүдийн үйл ажиллагааг зохицуулсан заалт байхгүй!

Ж.Мөнхбат: Манайд телевизүүдийн үйл ажиллагааг зохицуулсан заалт байхгүй!

155
0
monhbat
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2016 онд өргөн барьсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Энэ хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон телевиз, сувгуудад зохицуулалт хийх нь зөв. Хоёр жилийн л өмнө өргөн баригдсан хуулийн төсөл. IPTV, арилжааны телевизүүдийн хоорондын маргаан яаж зохицуулагдсан бэ. 20 хувийн шимтгэл, хураамж авна, авахгүй гэсэн маргаан байсан. Хууль батлагдахад аль аль талдаа гацалт үүсэхгүй явах боломж бий юу. Манайх телевизүүдийн үйл ажиллагааг зохицуулсан заалт байхгүй улс юм билээ. Тийм учраас хуулийг нь батлах шаардлага зайлшгүй бий.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг: Хуулийн төсөлд “Үндэсний нэвтрүүлгийг хөгжүүлэх” сан гэж орсон байгаа. Ажлын хэсэгт, IPTV, арилжааны телевизүүдийн холбооны удирдлагууд оролцож байна. Хуулийг төслийг хэлэлцээд явбал ажлын хэсэг дээрээ ярилцаад хөрсөн дээр буусан шийдвэр гаргах тал дээр хороо ажиллана.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Хуулийн төсөлд 7-8 асуудал илүү нарийвчлагдан яригдсан. Хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн ахалсан ажлын хэсэг байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэж ойлгож байна. Уг долоон асуудалд талуудыг оролцуулж хамтдаа шийдвэрлэх боломж бий. Үүнийг хэрэв сонирхож байвал Ж.Мөнхбат гишүүн оролцох боломжтой.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Хуулийн төсөл батлагдсанаар телевизүүдийн агуулгад нөлөөлөх үү. Сүүлийн үед телевизүүдээр гарч байгаа нэвтрүүлгийн агуулгын зарим нь маш зохисгүй байна гэж олон нийт шүүмжилж байгаа. Тухайлбал, МҮОНТ-ээр Колумб улсын хар тамхины тухай кино гарч байгаад хүмүүс дургүйцэж, ялангуяа татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг олон нийтийн телевиз гаргаж болохгүй гэдгийг ярьж байгаа. Хуульд өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулж буй радио, телевиз, контент дамжуулагч бусад сувгуудаар ямар агууламжтай нэвтрүүлэг, киног гаргах талаар хянах боломжтой юу. Мөн уг хууль батлагдсанаар салбарт нь үзүүлэх ахиц дэвшил юу вэ. Маш олон телевиз үйл ажиллагаа явуулж байгааг цэгцлэх нь зүйтэй гэсэн ойлголт нийгэмд бий.

Харилцаа холбооны зохицуулах хорооны Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалтын хэлтсийн дарга Н.Тогохсүрэн: Харилцаа холбооны зохицуулах хорооны одоогийн олгогдсон чиг үүрэг нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Аж ахуй нэгжийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа ТВ, радиогийн нэвтрүүлгийн агуулгад гэхээсээ илүүтэй техник стандартад илүү шаардлага тавьж байгаа. Өргөн нэвтрүүлэг гэдэг бол маш онцлогтой мэдээллийн хэрэгсэл. Хөгжлөө дагаад маш олон телевиз шинээр нээгдэж байгаа. Эдгээр телевиз үндэсний эрх ашгийг яаж хамгаалах мөн хүүхдийг зохисгүй агуулгаас хэрхэн хамгаалах уу, хөтөлбөрийн агуулгын эерэг болон хуулиар хязгаарласан заалтуудын хэм хэмжээг нарийвчлан тогтоосон хуулийн заалт одоогоор байхгүй. Харилцаа холбооны тухай хуулийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй нөхцөлтэй байгаа. Ийм үед Өргөн нэвтрүүлгийн тухай хууль гарснаар Монгол бүтээлийн шаардлага, нийтийн эрх ашгийг хангах гэсэн үндэсний бүтээлийг дэмжсэн заалтууд мөн өргөн нэвтрүүлгээр нийтэд юу үзүүлэх болох эсэх хэм хэмжээг тодорхой төвшинд тогтоох боломжтой болно.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Энэ хууль батлагдсанаар Монгол контентыг үнэлнэ. Өнөөдөр сериал кинонууд хямдхан учраас гаргаж, түгээгчид нь үнэлж байгаа. Телевизүүд өөрсдөө Монгол контент хийхэд үнэлэгдэхгүй болчихсон. Хэвлэлийн бие даасан байдал, санхүүгийн хараат бус байдал нь үүнтэй холбоотой. Телевизүүд эфирийн цагаа хэмнэхийн тулд ихэнхдээ Солонгос кино гаргадаг нь хууль эрхзүйн орчингүйтэй холбоотой юм. Цаашид сэтгүүлчид өдөр тутмын мэдээ, мэдээлэл гэхээсээ илүүтэй нийгмийг соён гэгээрүүлэх томоохон нэвтрүүлгүүд хийх шаардлагатай болно. Ингэж байж нийгэмд зөв тусгал өгсөн чанартай контентууд гарах нөхцөл нь бүрдэнэ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: Хэрэв би буруу санаагүй бол контент үйлдвэрлэгч нар дамжуулж нэвтрүүлж буй телевизүүдээс мөнгө авна гэсэн асуудал нь маргаан үүсгээд явц дундаа Засгийн газар дээр хэлэлцэж байгаад тэдний авч буй орлогоос нь мөнгө авахгүйгээр тариф дээр нь үнэ нэмж 20-иос дээшгүй хэмжээгээр нэмэх тухай саналыг гаргаж байсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here