Нүүр хуудас Улс төр Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжив

Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжив

311
0

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/-ийг хэлэлцэв. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм. Тэрээр, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийн санхүүжилтэд зориулж 50 сая (тавин сая) хүртэлх еврогийн экспортын зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд зээлийн хүү /жилийн/ 0,15%, зээлийн хугацаа 28 жил ба үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байна. Түүнчлэн энэхүү зээлийг Польш Улсаас Монгол Улсад нийлүүлэх бараа, үйлчилгээний гэрээний үнийн дүнг 100% санхүүжүүлэхэд ашиглана гэж тусгагдсан болохыг салбарын сайд танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсаны дараа саналаа илэрхийлсэн юм. Тухайлахад, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тус зээлийг авахыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу зээлийг олон салбарт бус цөөн тооны чанартай салбарт хөрөнгө оруулахыг санал хэлж байлаа. УИХ-ын гишүүн С.Батболд, Ц.Цогзолмаа нар Монгол Улс гадаад улс орнуудаас зээл авч, төсөл хэрэгжүүлэхдээ ЖДҮ-ийн бодлогыг дэмжих зарчим баримтлах нь зүйтэй хэмээлээ.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналтайгаар дэмжлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here