Нүүр хуудас Улс төр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол Улс өрийн дарамтаас гарлаа

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол Улс өрийн дарамтаас гарлаа

216
0
eronhii-said-Hurelsuh
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх
~МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол Улс өрийн дарамтаас гарлаа~

МАН-ын II Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Энэ удаагийн хуралдаанаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцэв.

Тухайлбал, УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцохыг Бага хурлын гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр тэд хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд уламжлахаар болсон юм.

Тэгвэл МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн Бага хурлыг хааж үг хэлэв. Түүний хэлсэн үгнээс түүвэрлэн хүргэж байна.

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улирлын байдлаар 6.1 хувьд хүрлээ.

-Оны эхний хагас жилд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 24.6 хувиар өслөө.

-МАН 2016 онд сонгуульд ялаад ажил авч байх үед Улсын эдийн засаг 1.1 хувь дээр очоод уначихсан, инфляци байхгүй, дифляцид орсон. Ард иргэдийн худалдан авах чадвар байхгүй болсон, өр ширэндээ баригдсан ийм хүндхэн амьдралыг бид хүлээж авсан.

-Хоёр жилийн хугацаанд улсын ахуй амьдрал сайжирлаа. МАН-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр тодорхой түвшинд хангагдан хэрэгжиж байна.

-Намын дарга намын Их хурал дээр нэг зүйл хэлж байсан. Хэрвээ би намын даргаар сонгогдвол хоёр зүйл дээр анхаарч ажиллана. Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага дэг журмыг тогтоох. Хоёрдугаарт, улсын унаж буй эдийн засгийг зогсоож, сэргэлтийг хангах гэсэн ийм хоёр зорилтыг намын дарга, Ерөнхий сайд дэвшүүлсэн. Энэ хоёр зорилтыг ханган хэрэгжүүлэхэд манай намын бага хурлын бүх гишүүд хүчин чармайлт тавьж, хариуцсан хариуцсан ажилдаа эзэн болж ажиллаж байгаад би намын даргын хувьд баяртай байгаа.

-Сонгууль хаяанд ирлээ. Ойрхон байна.

-Улс орны амьдрал эргэж дэвжиж байна. 2014-2016 онуудад ихээхэн буурч байсан Уул уурхайн салбарын олборлолт, экспорт сүүлийн хоёр жил дараалан тогтвортой нэмэгдэн өсч байна.

-2018 оны эхний хагас жилд Монгол Улсын экспортын орлого 3.6 тэрбум америк ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувиар нэмэгдсэн байна.

-Гадаад худалдааны тэнцлийн ашиг 822 сая америк ам.доллароор ашигтай гарсан. Өнгөрөн 2017 онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ жил дахиад давж биелнэ.

-Төсвийн сахилга бат сайжирч, төсвийн алдагдал буурч байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний хагас жилд 4.1 их наяд төгрөг, төсвийн нийт зарлага 4.1 их наяд төгрөгт хүрсэн байна.

-Энэ хавар нийтдээ бид нар 390 мянган га талбайд үр тариа тарьсан. 70 мянган га талбайд тэжээлийн ургамал тарьсан. 20 мянган га талбайд төмс хүнсний ногоо тарьсан. Уринш сайн хийгдсэн.

-Ирэх жил атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой болно. Энэ жил манай тариаланчид их урамтай байгаа. 60 жилийнхээ ойг угтаж өндөр сайхан ургац хураан авна гэсэн тэмүүлэлтэй ажлаа хийж байгаа. Иймд тариалангийн бүсийн дарга нар тэднийгээ дэмжиж ажиллахыг би үүрэг болгож байна.

-Бидний өмнө хоолой дээр хутга тавьчхаад байсан хэд хэдэн өрийн асуудал бас байсан. Гадаад өр төлбөр. Чингис бондын 500 сая америк доллар хүүгийн хамт, дим сан бондын нэг тэрбум юанийн өрийг өрийн зөв менежмент хийсний үр дүнд төлж барагдуулж дууслаа. Ямар ч байсан өрийн дарамтаас Монгол улс, Монголын эдийн засаг гарлаа гэж үзэж болно.

-Монгол Улсын Засгийн газар сүүлийн жил гаруйн хугацаанд дотоодын арилжааны банкнуудаас өндөр хүүтэй арилжааны зээл авахыг зогсоосон. Засгийн газар зээл авахгүй явж байгаа. Үүний үр дүнгээр арилжааны банкнууд иргэд аж ахуй нэгжүүдэд зээл олголт нь сайжирсан. Нэг ёсондоо мөнгө чөлөөлөгдсөн. Засгийн газар өндөр хүүтэй бондоор мөнгө авдаг байсан бол тэр зогссон учраас аж ахуй нэгж, ард иргэд банкнаас зээл авч аж ахуйгаа хөтлөх боломж нөхцөлийг Засгийн газар бий болгож өгсөн. Одоогийн байдлаар өр зээлийн асуудал харьцангуй гайгүй болсон гэж бодож болно.

-Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 21 их наяд 83 тэрбум төгрөг байна. Өнгөрсөн жилийн өрийн байдалтай харьцуулж үзэхэд 1.7 их наяд төгрөгөөр өрийг бууруулсан. Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь өнгөрсөн жил 74.4 хувь байсан бол энэ жил 58.9 хувь хүрч ихээхэн хэмжээгээр өрийн тааз буурч байна. 74-өөс 59 дээр очиж байна. Энэ бол эерэг сайн үзүүлэлт.

-Эдийн засгийн өсөлтийн хурдац нэмэгдэхийн хирээр банкны системийн зээл олголт нэмэгдэж байна. Та бүхэн ч энийг мэдэж байгаа. Оны эхний хагас жилийн байдлаар банкны системийн нийт зээлийн өрийн үлдэгдэл 15,4 их наяд болж өнгөрсөн үеийн мөн үеэс 19,4 хувиар нэмэгдсэн байна. Долларын ханш ч тодорхой түвшинд суларсан гэх мэт сайн үзүүлэлтүүд бидэнд байна.

Төрийн албаны сахилга бат дэг журам суларсан, ажлын хариуцлага үгүй болсон явдал нь эдийн засгийг ийм болоход хүргэсэн. Мөн гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг дарамталдаг, хууль бус татвар авдаг байдал даамжирсаар сүүлдээ тэдний итгэл найдварыг алдсанаас ийм байдал үүслээ. Товчхондоо гаднын хөрөнгө оруулагч нарыг бид үргээсэн, айлгасан, тэд айгаад гарч явцгаасан. Олон улсад Монгол улсад итгэх итгэлийг алдаруулаад зогсохгүй хоёр хөршдөө ч итгэлээ алдсан. Тогтвортой улс төр тогтвортой хөгжлийг бий болгож чадаагүй. Хэт улс төржсөн байдал нь эдийн засгаа улс төр нь татаж унгасан явдал болсон. Харин өнөөдөр тэдний итгэл сэргэж Монгол руу орж ирж байна.

-Зун цаг дууслаа, намар цаг эхэллээ хадлан тариалан, өвс тэжээл гээд аж ахуйн хариуцлагатай ажлууд бид бүхний өмнө байна. Энд аймаг орон нутгийн дарга нар ирсэн байна. Өдөр тусгайлан уулзаж үүрэг даалгавар өгнө. Одоо өвөлжилтөө маш сайн анхаарах хэрэгтэй. Өвөлжилтийн бэлтгэл хангах хадлан тэжээл, хашаа саравчаа нөхөхөөс эхлээд ажил их байна. Одоо найр наадам өндөрлөсөн шүү. Сайхан баярлацгаалаа одоо ажлаа хийх цаг болсон, хүн бүр ажилдаа орох хэрэгтэй. Нэн ялангуяа байгууллагын дарга нар ажилдаа орох цаг болсныг би хэлсэн. 8 сарын 1-нээс бүх байгууллагын дарга нар ажилдаа орцгоо, албан тушаалтнууд ээлжит горимоороо амраад наймдугаар сарын 20 гэхэд бүх төрийн албан хаагчид ажилдаа орох ёстой.

-Нам дотроо эв нэгдэлтэй байх ёстой. Намын даргын эрхэмлэн авч явдаг зүйл бол эв нэгдэл. Энэ бол манай намын бага хурлын бүх гишүүд бодож явах ёстой зүйл. Гэхдээ би эв нэгдэл гэдгийг муу муухай зүйлээ нууж хаа гэсэн үг гэж ойлгохгүй байгаа. Эв нэгдэл гэдэг бол шударга ёсон дээр тогтсон эв нэгдлийг хэлж байгаа. Бидэнд алдаа дутагдал байна, засаж залруулах тал дээр та бүхэн маань санаачлага гаргаж сайн ажиллаарай гэдгийг хэлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here