Нүүр хуудас Улс төр Раул Дэлгадо: Аялал жуулчлалын салбарт анхаарлаа хандуулж ажиллана

Раул Дэлгадо: Аялал жуулчлалын салбарт анхаарлаа хандуулж ажиллана

244
0

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Газар нутгийн хувьд алс зайдуу оршдог ч гэлээ Монгол, Куба улс харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй гэдгийг УИХ-ын дарга үгийнхээ эхэнд онцлоод өнгөрсөн оны 9-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНКУ-д хийсэн айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болсон гэдгийг тэмдэглэлээ.

“Хоёр орны хооронд боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа илүү үр дүнтэй хөгжиж байгаа бөгөөд монгол залуучуудыг сургах, мэргэжил эзэмшихэд Кубын Засгийн газраас байнга анхаарч ирсэнд бид талархдаг. Сүүлийн үед оюутан залуусыг харилцан сургах болж байгаа нь сайшаалтай хэрэг. МУИС, Хаванагийн их сургууль шууд хамтын ажиллагаатай болсон нь энэ чиглэлээрх үйл ажиллагаанд шинэ түлхэц болно гэдэгт итгэж байна. Түүнчлэн генетик, биотехнологийн зэрэг нарийн мэргэжлийн салбар, мал эмнэлгийн чиглэлээр куба мэргэжилтэн ирж ажиллах болсонд талархалтай байна” гэж УИХ-ын дарга М.Энхболд хэлээд ноён Элчин сайд Р.Дэлгадогийн Монголд ажиллах хугацаанд худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд амжилттай хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн спортын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ноён Элчин сайдыг тусгайлан анхаарахыг хүсээд 2020 оны Токиогийн олимпод оролцох Монголын баг, тамирчдад энэ чиглэлээр дэмжлэг үзүүлээрэй гэв.

Ноён, Элчин сайд Р.Дэлгадо хүндэтгэн хүлээж авч буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд Кубын Үндэсний Ассамблейн даргын мэндчилгээг уламжлав.

Тэрбээр “Миний ажиллах 4 жилд Таны саяын дэвшүүлсэн хамтын ажиллагааны саналууд ажил хэрэг болж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байж болно” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд Кубын тал онцгой анхаарч байгаа гэдгийг тэмдэглэв. Энэ үеэр ноён Р.Дэлгадо боловсрол, эрүүл мэндийн салбар хариуцсан Монгол Улсын Засгийн газрын гишүүдтэй уулзаж, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон тухайгаа танилцуулав.

Тэрбээр спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдын дэвшүүлсэн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Токио-2020” олимпийн шигшээ тоглолтод Монголын боксчин шалгарч үлдэхийн төлөө миний бие хичээн ажиллана” гэв.

Мөн аялал жуулчлалын хамтын ажиллагааны асуудлыг уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хөндсөн юм. Элчин сайд Р.Дэлгадо “Манай улс жилд 4.0 сая жуулчин хүлээн авч байна. Кубачууд аялал жуулчлалын салбарын ихээхэн туршлагатай. Монголчууд Кубад, кубачууд Монголд аялан жуулчилдаг болох талаар анхаарч ажиллах болно” гэлээ.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд Элчин сайд Р.Дэлгадод ажлын амжилт сайн сайхныг хүсэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here