Нүүр хуудас Улс төр С.Амарсайхан: Хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудал цэгцрэхгүй байна!

С.Амарсайхан: Хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудал цэгцрэхгүй байна!

186
0
amarsaihan-irgediin-toloologchdiin-darga
Хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудал цэгцрэхгүй байна!

НИТХ-ын Тэргүүлэгчид цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 227, төрийн бус 434 нийт 661 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 222, төрийн бус 450, нийт 672 цэцэрлэгт 114252 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа аж.

Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хийсэн.

~Хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудал цэгцрэхгүй байна!~

Цахим элсэлт 7-р сарын 27-ноос 8-р сарын 25 хүртэл зохион байгуулагдана. Нийслэлийн хэмжээнд бүх цэцэрлэгт очер, дараалал үүсэхгүй хүүхдийн бүртгэлийг гэрээсээ бүртгүүлэх боломж бий болсон. Цэцэрлэгт хамрагдаж буй 2-5 настай хүүхдийн мэдээллийн сантай боллоо.

Мөн бүртгэл, элсэлт ил тод нээлттэй болсноор зогсохгүй ажлын ачаалал багассан. www.tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар элсэлт хийгдэж байна гэж НБГ-ын дарга Ж.Гантулга хэллээ.

Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд нийт 241 сургууль бий. 2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 6 настай 34368 хүүхэд элсэнэ гэв.

Хурлын дэгийн дагуу Тэргүүлэгчид мэдээлэлтэй холбоотой асуулт асууж санал хэллээ. Хэдийгээр цэцэрлэг, сургуулийн талаар ерөнхий мэдээллүүдийг өгч байгаа боловч өнөөг хүртэл сургуульдаа биеийн тамирын залгүй, 10 жил биеийн тамирын хичээлд сууж үзээгүй олон сурагч байсаар байна.

Мөн СӨБ болон ерөнхий боловсрол олгох боловсролын систем өөрөө их хэлбэр төдий байгаа тул хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаарах тэднийг сургаж байгаа багш нарыг дахин сургах асуудлууд огт хөндөгдсөнгүй гэдгийг хэллээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Шаардлагатай зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тэргүүлэгчдийн зүгээс ч авч хэрэгжүүлах арга хэмжээний талаар олон санал хэллээ.

Тиймээс Нийслэлийн Боловсролын газар холбогдох байгууллагуудтай хамтран олон ойлгомжгүй байгаа асуудлыг тодорхой болгох шаардлагатай. Тухайлбал улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн газартай холбоотой асуудал байна.

Газар нь бэлэн, амар шийдэгдэх асуудлыг тойргийн гишүүд, яам нь аваад хэрэгжүүлнэ гэдэг. Болохгүйг нь нийслэлд шилжүүлдэг. Олон талд удааширч, царцаж байгаа ажлуудыг яагаад огт дурдахгүй байна вэ?

Олон талын эрх мэдэл, ашиг сонирхол орж цаг хугацаа алдаж байгаа олон төсөл байна. Тендэр нь аль хэдийн зарлагдаад барилгын ажил нь эхэлсэн байх ёстой ажлууд эхлээгүй байна. Ихэнхи нь газар байхгүй гээд зогссон.

Хандив, тусламж хээл хахуулийн сүлжээнд орсон олон сургууль, цэцэрлэг байна. Энэ асуудлыг цэгцэл. Ойлгомжгүй олон асуудал байгаа тул тодорхой болгох зорилгоор бүх талын оролцоотой ажлын хэсгийг байгуулж асуудлыг яриад өнгөрдөг биш асуудлыг шийдвэрлье. Зарчмаа тодорхой болгохгүй бол хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудал цэгцрэхгүй байна гэлээ.

Төрийн өмчит сургуулиуд нь хүртэл элдэв хандивын анги нээдэг, нэхдэг байдлыг албан ёсоор болиулах хэрэгтэй.

НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл: Үндсэн хуулинд заасны дагуу хүүхэд бүр ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй авч дарга, цэргийн хүүхэд гэлгүй нэг ижил түвшинд боловсрол эзэмшмээр байна.

Гэтэл өнөөдөр олон янзын хувийн сургууль нээгдсэн. Тэднээр зогсохгүй төрийн өмчит сургуулиуд нь хүртэл элдэв хандивын анги нээдэг, нэхдэг байдлыг албан ёсоор болиулах хэрэгтэй. Хатуу зүйл дээр хатуу арга хэмжээ авч албадлагын арга хэмжээ авах хэрэгтэй гэв.

НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа: Сургууль,цэцэрлэг хүрэлцээгүй байгаа дүүргүүдэд төлөвлөлт яаж хийгдэж байгаа талаарх мэдээллүүдийг ил тод болгомоор байна. Өнөөдөр бид хүүхдүүдийг “ Зөв Монгол хүн” болгоё гэх боловч хэлбэр төдий сургалтууд л явагдаж байна.

Өнөөдөр бид хүүхдүүдийн сургуулийн өмнөх суурь боловсрол, төлөвшилд онцгой анхаарах шаардлагатай байна гэлээ.

Ийнхүү энэ асуудлын хүрээнд ажлын хэсэг байгуулж нийслэлийн боловсролын байгууллагуудтай холбоотой тодорхойгүй асуудлыг нээлттэй болгож холбогдох бүх шатны байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулж ажиллах үүрэг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here