Нүүр хуудас Улс төр “Утааг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг ерөнхий сайдад танилцууллаа

“Утааг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг ерөнхий сайдад танилцууллаа

228
0

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БОАЖ-ын сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагийн дарга нар багтсан юм. БОАЖЯ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ажлын хэсгийн ахлагч, сайд Д.Оюунхорол өнөөдөр Ерөнхий сайдад танилцууллаа.

Ажлын хэсэг “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж дууссан байна. Хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглож, агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурах юм.

Ажлын хэсэг цаашид агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг нийтэд танилцуулах “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг БЗД, СХД, Чингэлтэй дүүрэгт байгуулахаар судалж байна. Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулах хуулийн төслөөс гадна байгаль орчныг хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх чиглэлээр үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, яамны цахим хуудсанд байршуулан нийтээс санал авч эхэлжээ.

Хоёрдугаар сарын нэгнээс гэр хорооллын нутаг дэвсгэрт “Агаарын бохирдлын хяналт” мониторинг явуулж, дугуй, ажилласан тос зэрэг хаягдал шатааж байгаа эсэхийг хянан, амьжиргааны түвшин доогуур айл өрхийн судалгааг нягтлах юм. Мөн зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, цахилгаан халаагуур, шөнийн тарифт тоолуур зэргийг худалдан авах айл өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг боловсруулж байна. Үүний зэрэгцээ агаар, орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх талаар судалж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here