Нүүр хуудас Улс төр Уул уурхайн сайд асан Р.Жигжид Япон улсын Эзэн хааны “Мандах нар” одон...

Уул уурхайн сайд асан Р.Жигжид Япон улсын Эзэн хааны “Мандах нар” одон хүртлээ

452
0
Uul uurhain said_Jigjid
Уул уурхайн сайд асан Р.Жигжид Япон улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одон хүртлээ.

Монгол, Японы найрамдалт найрсаг харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү одонг Япон улсын Элчин сайдын өргөөнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаоко гардуулав.

Р.Жигжид нь Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд, Уул уурхайн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа Монгол, Япон улсын харилцааг нягтруулан хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан юм.

~Уул уурхайн сайд асан Р.Жигжид Япон улсын Эзэн хааны “Мандах нар” одон хүртлээ~

Тэрбээр Японд суралцаж төгсөгчдийн JUGAMO нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд одоо Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Тэрбээр хэлэхдээ, “Монгол, Японы харилцаанд оруулсан өчүүхэн хувь нэмрийг маань ийнхүү өндрөөр үнэлэн Япон улсын төрийн дээд шагналаар шагнаж байгаад туйлын баяртай байна. Миний бие 1980 онд Японы Засгийн газрын тэтгэлэгт анхны бакалаврын оюутны нэг болж Япон улсыг зорьсон цагаас хоёр орны харилцаанд ямар нэг хэлбэрээр оролцож ирсэн.

Хэдийгээр хүйтэн дайны амаргүй цаг үед миний амьдралыг Япон оронтой холбож өгсөн ачтай буянтай олон хүн энд ирснийг хараад өөрийн эрхгүй талархах, хүндлэх сэтгэл төрж байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэний хувьд миний бие Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн төлөө өчүүхэн ч атугай хувь нэмрээ оруулахын төлөө өөрийн бүхий л бололцоог дайчлан ажиллах болно. Монгол, Японы хооронд улс төр, соёлын харилцаа өндөр түвшинд хөгжсөн.

Гэвч хувийн хэвшил, эдийн засгийн хамтын ажиллагаа дутмаг байдаг. Тиймээс цаашид эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээг тэлэх, ялангуяа японы хөрөнгө оруулалтыг татах, Монгол, Японы хоорондын худалдааг нэмэгдүүлэх зэрэг бизнес чиглэлийн харилцааг илүү хөгжүүлэхэд хувийн хэвшлийн хүний хувьд илүү анхаарч бодитой хувь нэмэр оруулна” гэв.

Дашрамд дурдахад, “Мандах нар” одон нь мандаж буй нарыг нарны илчтэй нь дүрсэлсэн загвартай бөгөөд дээд хэсэгт нь “Гүнж мод”-ны цэцэг навчийг дүрслэн илэрхийлсэн байдаг.

Энэхүү одон нь одон медаль хэлбэрээр хүзүүндээ зүүх, одон тэмдгийн зориулалтаар энгэртээ зүүх, энгэрийн тэмдгийн зориулалтаар зүүх гэсэн хэлбэртэй байдаг аж. Энэхүү одонг өмнө нь Монгол Улсын таван иргэн хүртэж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here