Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 2016-2019 он хүртэлх үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрт хоёр сарын хугацаанд шалгалт хийсэн. Нийт 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илсэрсэн. 2016 онд компанийн бүтэцтэй холбоотой шийдвэр нь компанийн тухай хуулийг зөрчсөн. Нэгд, 2016 онд компанийн бүтэцтэй холбоотой шийдвэр гарсан. Энэ нь компанийн тухай хуулийг зөрчсөн үзэж байгаа. Учир нь ерөнхий захирал нь нийгмийн асуудлаа хариуцдаг. Тэргүүн дэд захирал нь хүний нөөцөө хариуцдаг. Хууль эрх зүйн газрын дарга нь бүх үйл ажиллагааг хариуцсан байх бүтцийг хийсэн. Энэ нь компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн.
Компанийн 51 хувийг эзэмшиж байсан хүнийг шууд бусаар ажлаас халсан. Хоёрт, компанийн санхүүгийн сахилга бат алдагдаж, хяналт тавих боломжгүй болгосон байдал харагдаж байсан. Дараагийн зөрчил нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй гэрээ хийж, 103.6 тэрбум төгрөгийн урьдчилгааг олгосон байгаа. Дээрх үйлдвэрүүдээс “Эрдэнэт” үйлдвэр 16.7 тэрбум төгрөгийн авлагатай байна. Цөөн тооны аж ахуй нэгжүүдтэй ихээхэн хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ хийж, гэрээ гүйцэтгүүлэх урьдчилгааг олгосон байна.
Үүнээс гадна 1.2 тн зэсийн баяжмалыг Монголиан коппер корпорейшнд зарах, худалдах гэрээг байгуулсан. Тус компани руу 55.8 сая ам.долларын гүйлгээг хийсэн. Үүнийг нягталж шалгах ёстой. Ногдол ашиг шилжүүлэхдээ татварыг төлөөгүй. Мөн “Эрдэнэт” үйлдвэр өөрөө 64 тэрбум төгрөгөөр эмнэлэг байгуулсан. Уг эмнэлгээ хувийн компани руу шилжүүлсэн. Өөрөө байгуулсан компаниа хувьд шилжүүлсэн нь хууль зөрсөн гэж үзэж байгаа. Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэр зэсийн баяжмалаа гэрээгээр цэвэршүүлж, хайлуулдаг. Тухайн зардал нь дунджаас өндөр байна. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх зардлыг багасгах чиглэлийг удирдлагуудад өгсөн. Нийтдээ зургаан төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарч, акт тавигдсан. Гаалийн татвартай холбоотой 1.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, акт тавигдсан.
Мөн “Эрдэнэт” үйлдвэр нь гаргаж байгаа эрдэнэс, зэсийн баяжмалынхаа сорьцыг гаалийн төв лабораторид тогтоолгодоггүй, хувийн компаниараа сорьц тогтоолгодог. Нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөрчлүүд ч бий. Тухайлбал, аудитын дүрмийг хэрэгжүүлээгүй. Ихээхэн хэмжээний нөөц байгуулж, зардлаа өсгөдөг. Татвар бага төлдөг асуудал байгаа. Цаашид хуульд нийцүүлэн тайлан гаргаж байхыг чиглэл болгосон. Дотоод аудит хэрэгждэггүй юм байна.
Хоёр тэрбум төгрөгийн хандив тусламж олгосон байгаа юм. Үүнийг эргэж төлөх нь зүйтэй. Хамгийн томоохон зөрчил нь худалдан авах зөрчил юм. Нийтдээ 2336 гэрээ байгуулснаас 1492 гэрээг шууд байгуулсан. Захирал нь хуулиас давсан худалдан авалтын тушаал гаргаж, түүгээр худалдан авах үйл ажиллагаа явуулж байсан. Уг тушаалыг хүчингүй болгож, худалдан авалтын хууль мөрдөж, ажиллахыг чиглэл болгосон. Шууд гэрээ хийх нь маш томоохон зөрчлийг дагуулдаг.
Үүнээс гадна “Стандарт” банкны 40 сая ам.доллларыг Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас төлсөн. Уг төлбөрийг холбогдох буруутай этгээдээр нь төлүүл гэдэг дүнг гарсан” гэж ярилаа.