Нүүр хуудас Улс төр М.Оюунчимэг: Ямар ч байсан Оюутолгойн гэрээнд асуудал байгаа

М.Оюунчимэг: Ямар ч байсан Оюутолгойн гэрээнд асуудал байгаа

221
0
oyunchimeg
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрээр Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүн юм.

-Та Оюутолгойг шалгах ажлын хэсэгт ажилласан. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны байнгын хорооны хурлаар Оюутолгойн гэрээг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Ажлын хэсэг нэлээд удаан ажиллалаа?

-Би ажлын хэсгийн гишүүн. Гэхдээ яг хэлэлцэх үү, мэдээлэл сонсох уу гэдэг дээр асуудал байгаа. Эдийн засгийн байнгын хороон дээр мэдээллийг сонсъё гэсэн байр суурьтай байгаа. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва гишүүн Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэл өгсөн үү, үгүй юү. Ямар ч байсан ҮАБЗ-д ажлын хэсгийн дүгнэлтээ өгсөн гэсэн. Ажлын хэсгийн 12 гишүүнээс найман гишүүн гарын үсэг зурсан бол дөрвөн гишүүн нь гарын үсэг зураагүй байгаа. Ямар ч байсан Оюутолгойн гэрээнд асуудал байгаа. Нухацтай хэлэлцэх зүйлүүд байна. Дубайн гэрээтэй холбоотой, хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээтэй холбоотой асуудлууд байгаа нь үнэн. Тиймээс өнгөрсөн тав дахь өдрийн УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Оюутолгойн асуудлыг Эдийн засгийн байнгын хороон дээр мэдээлэл сонсох нь зүйтэй гэж үзээд хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Би ажлын хэсгийн гишүүн учраас мэдээллийг нь сонсоод цаашдаа яах вэ гэдгээ шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Ажлын хэсгийн ахлагч Оюутолгой төслийг зогсоох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байсан. Дүгнэлт ч гэсэн тэгж гарсан гэсэн үг үү?

-Энэ төслийг зогсооно гэсэн ойлголт угаасаа байхгүй. Харин зайлшгүй сайжруулах зүйл тэнд байгаа гэдэгт хүн бүхэн санал нэг байгаа. Ажлын хэсгийн зарим гишүүн яагаад гарын үсэг зураагүй гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан өөр ажлын хэсэг гаргая, ажлын хэсгийн даргыг солье гэдэг байр суурьтай гишүүд байгаа юм билээ. Ямар ч байсан өмнөх ажлын хэсгийн мэдээллийг сонсох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-“Рио Тинто” бол гэрээнд ямар ч өөрчлөлт оруулахгүй гэдэг байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргасан байнэ лээ. Тэгэхээр гэрээнд өөрчлөлт оруулах боломж бий юү?

-“Рио Тинто” ямар ч байр суурь илэрхийлж болно. Монгол Улсын Их хурал гэдэг бол төр засаг. Бид ямар ч байсан үүнийгээ хэлэлцээд л явна. Их хурлаас Засгийн газарт ч чиглэл өгч болно. Тийм учраас энэ асуудлыг оруулж ирээд хэлэлцэж байна. Цаашид ажлын хэсгийг өөрчлөх үү, асуудлыг шийдээд явах уу гэдэг шийдвэрийг гаргана. Оюутолгойтой холбоотой аудиторын дүгнэлт гаргасан байна. АТГ-ын дарга асан Х.Энхжаргал Оюутолгойтой холбоотой материалыг нийслэлийн ерөнхий прокурорт өгсөн гэсэн. Энэ бүхнийг нэгтгэж, УИХ дээрээ хэлэлцээд цаашаа явах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороон дээр мэдээлэл сонсоно гэж байгаа боловч өчигдөр гишүүдийн гар дээр ажлын хэсгийн материал очоогүй байна гэсэн?

-Эдийн засгийн байнгын хороон дээр өгөх байх. Энэ материалыг бас нууц гэж яваад байгаа юм. Оюутолгой компаниас байгууллагын дотоод нууцлалтай холбоотой материал байгаа учраас шууд гишүүдийн гар дээр өгөх боломж байхгүй байна гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэлж байгаа. Бидэнд өгөхдөө хүртэл нууц гэж өгч байгаа.

-Тэгэхээр өнөөдөр хаалттай хэлэлцэнэ гэсэн үг үү?

-Үүнийг би мэдэхгүй байна. Тухайн байнгын хороо эхлэх үед нууцаар хэлэлцэх үү, нээлттэй хэлэлцэх үү гэдгээ шийднэ.

-Гишүүдэд ажлын хэсгийн дүгнэлт очоогүй байгаа хэрнэ “Рио Тинто” ажлын хэсгийн дүгнэлттэй танилцчихаад өөрсдийнхөө байр суурийг өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Гишүүд ч аваагүй мэдээллийг “Рио Тинто” авч болох уу?

-Их хурлын гишүүд нь танилцаагүй байхад Оюутолгой танилцсан байна гэж байхгүй. Ийм асуудал байх боломжгүй. Их хурлаас томилогдсон ажлын хэсэг байнгын хороон дээр ярьсны дараа тэнд өгөх ёстой байх. Түүнээс “энэ нууц материал шүү” гээд Оюутолгойд өгөх үндэслэл байхгүй.

-Ер нь ажлын хэсэгт ажилласан гишүүний хувьд Оюутолгойн гэрээнд ноцтой зүйлүүд хэр байсан бэ?

-Нууцын зэрэглэлтэй учраас энэ талаар ярьж болохгүй л дээ. Ер нь бол асуудлууд байгаа. Ялангуяа Дубайн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой засч, сайжруулах зүйлүүд бий. Монгол Улс болон хөрөнгө оруулагч талын аль алинд ашигтай, хуулийн дагуу байх ёстой. Энэ утгаараа Оюутолгойн гэрээнд нэлээд ажиллах зүйл байгаа. Оюутолгойд ажиллаж байгаа ажилчдын ахуйг сайжруулах, орон сууцжуулах гэх мэт асуудлууд бий. “Эрдэнэт” үйлдвэрийг дагасан бүхэл бүтэн хот бий болсон шиг үүнтэй ижил төсөл хэрэгжээд 10 жил болж байхад тэнд нүүдлийн шувуу шиг байгаад байж болохгүй гэсэн дүгнэлтийг би ажлын хэсэгт бичиж өгсөн.

эх сурвалж: itoim.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here