Нүүр хуудас Улс төр Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол

Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол

208
0
Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол
Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол
Хуулийн төслийг соёрхон баталлаа
УИХ-ын чуулганы /2016.11.24/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслийн соёрхон батлах асуудлыг хэлэлцэв. Төслийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.

2013 оны 12 дугаар сард Индонез Улсын Бали хотод болсон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын Сайд нарын 9 дэх удаагийн Бага хурлаар Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол болон түүний хавсралт болох Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэлэлцэн тохирчээ.

Уг протоколд нэгдэн орох асуудлыг дэмжиж НҮБ-тай хамтран 2014 оны 6 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн ач холбогдол” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулсан аж.

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын гуравны хоёр (2/3) нь буюу 110 гишүүн орон нэгдэн орсноор уг хэлэлцээр хүчин төгөлдөр болох бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний байдлаар Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 164 орноос 96 улс нэгдэн ороод байгаа юм байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол (Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр) -д Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Уг хэлэлцээр нь ДХБ-ын гишүүн улсуудын гаалийн үйлчилгээг сайжруулах, хилээр нэвтрүүлэх болон дамжин өнгөрөх барааг түргэн шуурхай нэвтрүүлэх, чөлөөтэй дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, дамжин өнгөрөх бараатай холбоотой үл ялгаварлах зарчмыг баримтлах, худалдааны зардлыг бууруулах, хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, чадавхийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой аж.

Хэлэлцээрт нэгдэн орсноор Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түншүүдээс дэмжлэг туслалцаа авах хууль ёсны эрх баталгаажиж, худалдааг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлагаа тодорхойлсоны үндсэн дээр өөрийн чадавхаа бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг авах боломж бүрдэх юм байна.

Дэлхийн худалдааны байгууллагын судлаачдын тооцоолсоноор Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хувьд гадаад худалдааны зардал 13.2-15.5 хувь буурч, экспорт 13.8-22.3 хувь хүртэл нэмэгдэх боломжтой гэж Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан асуулт асууж хариулт авсаны дараа хуулийн төслийг соёрхон батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр хуулийн төслийг соёрхон баталлаа.

Олон улсын гэрээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан.

Байнгын хороо 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02 тоот тогтоолоор хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажпын хэсгийг байгуулан ажиллажээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хийж ажлын хэсгээс гаргасан санал болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаархи Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн хэмээн танилцуулгадаа дурдсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж хариулт авсаны дараа байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа

Мөн өдрийн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Тогтоолын төслийн нэрийг “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай” хэмээн өөрчлөх санал анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн билээ.

Эдийн засгийн байнгын хороо 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг тогтоолын төсөлд тусгалаа хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүдээс гаргасан “Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, томоохон үйлдвэрлэлээ дагасан жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж, төрөлжсөн кластерыг бий болгох замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн албаны шинэтгэлийн хүрээнд төрийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг мэргэшсзн, хариуцлагатай, цомхон, тогтвортой байх эрх зүйн орчинг бүрдүүлэх, ажлын байрны эрэлт, хэрэгцээнд үндэслэж, богино хугацаанд мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж, ажиллах хүчнийг бэлтгэх, төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, хууль хяналтын байгууллагын давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгах, гадаадын зах зээлд экспортлох боломжтой программ хангамж, техник хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийг шинэ ургацын хүнсний ногоогоор хангах зорилгоор дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах гэж нэмэх, олон улсын байгууллагуудаас гаргадаг зээлжих зэрэглэл, бизнес эрхлэлт, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг татах чадвар зэрэг индексүүдийг сайжруулах зэрэг зарчмын саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.

Түүнчлэн тогтоолын төслийн хавсралтын 2.1.12, 2.3.11 дэх заалтуудыг “Иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар ажиллуулах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх”, “Тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино хугацааны цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүр олгох боломжийг бүрдүүлэх” гэж тус тус өөрчлөн найруулах саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авчээ.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, М.Билэгт, Ч.Улаан нар асуулт асууж хариулт авсаны дараа байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан дээрх саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслийн хавсралтын 2.1.12, 2.3.11 дэх заалтуудыг “Иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар ажиллуулах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх”, “Тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино хугацааны цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүр олгох боломжийг бүрдүүлэх” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжсэн юм.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоолыг баталлаа.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийлээ

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг мөн хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцууллаа.

Тус байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийн болон Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулжээ.

Тухайлбал, хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан төслийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтын “шинжилгээ хийх” гэсний дараа баталгаажуулах” гэж нэмэх, Н.Энхболд төслийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтын “байгууллагын нууц хамгаалах ажилтанд” гэснийг “байгууллагад” гэж өөрчлөх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэлцүүлгийг хаалттай явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here