Нүүр хуудас Эдийн засаг ЗГХ: “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хүртэлх хувийг биржээр арилжаална

ЗГХ: “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хүртэлх хувийг биржээр арилжаална

191
0
zasgiin gazriin huraldaan
ЗГХ: "Эрдэнэс Тавантолгой”-н 30 хүртэлх хувийг биржээр арилжаална
~ЗГХ: “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хүртэлх хувийг биржээр арилжаална~

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Тавантолгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар өөрчлөв.

Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн талбайд нүүрс буулгах, ачих явцад байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг бага байхаар зохион байгуулалт хийж ажиллахыг холбогдох сайд нар, аймгийн Засаг даргад даалгав.

Засгийн газар өмнө нь шуурхай арга хэмжээ авч 100 гаруй км үргэлжилж байсан нүүрс тээврийн автомашины цувааг арилгасан. Гэвч өнгөрсөн 3 дугаар сараас дахин дараалал үүсч эхэлжээ.

Тухайлбал Цагаан хадны гаалийн баталгаат агуулахаас Гашуунсухайт боомт хүртэл богинын тээвэр хийж байгаа автомашины цуваа 23 км болж өссөн байна.

Мөн Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг 3 аж ахуйн нэгжээс Цагаан хадны гаалийн баталгаат агуулах хүртэл тээвэр хийж байгаа автомашины цуваа 39 км болж сунажээ.

Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар Засгийн газар төлөвлөж байна.

Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлж эхлэхээр боллоо.

Хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, ордыг түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөөд байна.

Ингэснээр Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болно.

Мөн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд борлуулах, өрсөлдөх чадвараа нэмэх, дэд бүтцээ хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here